Эрдэнэ зуугийн хана, хаалганы малтлага

Хархорумын “Юань улсыг мандуулах асар” буюу “Цогт их сүмийн гэр” олдсоноор өөр нэгэн асуулт зүй ёсоор дахин гарч ирэв: Эртний түүх шастир, сурвалж бичиг, гэрэлт хөшөө, бичээст дурдагдсан Өгэдэй хааны ордон хаана байсан бэ?

2005, 2006 оны хээрийн шинжилгээний кампанит ажлын үеэр Монголын Шинжлэх Ухааны Академи, Ханс-Георг Хюттель тэргүүтэй Германы Археологийн Хүрээлэнгийн малтлагын баг ч мөн энэхүү асуултын араас мөшгив. Бүр 19-р зууны сүүлчээр Оросын Орхон экспедицийг удирдаж байсан Вильхельм Радлофф Эрдэнэ зуу хийдийг хүрээлсэн хэрмийг хуучин хэрмийн дээр барьсан болохыг анзаарчээ. Эрдэнэ зуу хийдийн хэрмэн хананы суурийг бүрдүүлсэн засмал боржин чулуудыг нэгэн жигд, тэгш газар тавиагүй, харин өөр өөр өндөртэй, хуучин хэрмийн хананы үлдэгдэл урсгалыг дагуулан тавьснаас өндөр, нам харилцан адилгүй байгааг өнөөдөр ч тод харж болно. Тиймээс Радлоф Өгөдэй хааны ордныг өнөөгийн Эрдэнэ зуу хийдийн суурин дээр, энэхүү хэрмэн хананы байх магадлалтай хэмээн таамаглаж байжээ. Монгол-Германы Хархорум экспедицийн археологчид хийдийн хэрмэн хананы дөрвөн тал болон зүүн хаалганы хэсэгт хэсэгчилсэн малтлага хийж, энэхүү онолыг шалгаж үзсэн байна. Тэгээд үнэхээр: Хийдийн хэрмэн хананы суурийн доороос тэд тоосгоор өнгөлсөн, шавар дэлдэж хийсэн өөр нэгэн налуу шороон хэрмэн хананы үлдэгдлийг олсон. Зүүн хаалганы доороос хуучин хаалганы байгууламжийн үлдэгдлийг бас олсон. Эдгээр олдворууд бүгд 13-14-р зууны үед он цаг нь тогтоогдсон бөгөөд Монголын эртний нийслэл Хархорумын үед хамаарах юм.

Эрдэнэ зуугийн панорам зураг

Вильхельм Рубрукийн бичсэн ордны тодорхойлолт

Рубрукийн тодорхойлсноор, ордон нь хотын хэрэмтэй ойрхон байсан хэдий ч өөрийн гэсэн тоосгон хэрмэн ханаар хүрээлэгдсэн байв. Энэ шинж тэмдгүүдийг Эрдэнэ зуу хийдийн суурин талбайгаас мөн олж харж болно. Өгэдэй хаан болон түүнийг залгамжлагчдын сууж байсан ордон энд байсан байх боломжтой. Энэ нь бас Хархорум хотын суурийн талбайн зохион байгуулалт нь Монгол цэргийн хуарангийн хүрээгээр буудаг байсан зохион байгуулалттай ижил төстэй байсан гэсэн үг юм. Хааны өргөөг ямагт хамгийн өмнө талд нь байрлуулдаг бөгөөд хааны бараа бологсдын байр баруун, зүүн талд, хааны ордны ард байрладаг байв. Яг энэ зарчмыг Хархорумд хэрэгжүүлсэн байжээ.
Ордны дүр төрх чухам яг ямар байсан нь өнөөг болтол тодорхойгүй байна. Археологийн хувьд ч үүнийг өнөөдрийг хүртэл хараахан нарийвчлан судалж амжаагүй байна. Тухайн үеийн бичгэн эх сурвалжууд дахь янз бүрийн дүрслэлээс л түүний төрх байдлыг төсөөлж байна. Ордны байр байдлын талаар Жувейни бичихдээ, хотын дээд хэсэгт дөрвөн хаалгатай, том хэрмээр хүрээлэгдсэн цэлгэр цэцэрлэгт хүрээлэнг барьсан. Энэхүү цэцэрлэгийн голд хятад гар урчууд сэнтийн өрөө бүхий ордон барьсан бөгөөд дээш өргөгдөж барьсан сэнтий рүү дөрвөн талаас нь хүрч болдог хэмээжээ. Ордныг тойрон хааны ах дүү, бусад ноёдын орд, харш, орон байр бий гэж тэмдэглэсэн байв.

Рубук бас хотын талаар дүрслэн бичихдээ нэгэн их харшийн тухай дурьдсан байдаг бөгөөд үүдэн хэсэгтээ гоёмсог чимэглэл бүхий мөнгөн модтой, тэрхүү мод нь таван төрлийн ундаа түгээдэг хэмээжээ. Түүний тодорхойлсноор, ордон өмнө зүгт харсан гурван хаалгатай, гурван жангийн хэмжээтэй байв. Хааны сэнтий хойморт байрлах бөгөөд бүсгүйчүүд ордны зүүн талд, эрчүүд баруун тал суудаг. Энэхүү орон зайн дэг ёс нь өнөө ч монгол гэрт баримталдаг ёс жаягтай яг адилхан байжээ.