© J. Linden / DAI

Том зуухнууд

Хархорумд явуулсан малтлагуудын үеэр хийгдсэн хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг бол хотын баруун өмнөд хэсэгт байрлах Буддын шашны томоохон сүмийн цогцолборын урд болон баруун талд байрлах шатаах зуухны дүүрэг юм. Маш сайн хадгалагдан үлдсэн эдгээр зуухнууд нь Монголд анх удаа малтлагаар илэрч олдсон бөгөөд тухайн үеийн технологийн түүхийн талаарх үнэ цэнэтэй ойлголтыг өгсөн билээ

Зуухны бүтэц зохион байгуулалт

1999 онд Боннын Их Сургуулийн Цацрагийн ба Цөмийн Физикийн Хүрээлэнгийн явуулсан геосоронзон хайгуул тандалт судалгааны үр дүнд зуухнуудыг олж илрүүлсэн юм. Хэмжилтээс үзэхэд “Их танхим” -аас урагш, баруун тийш хэдхэн метрийн зайд нийт зургаан хүчтэй дохиолол илэрсэн нь асар хүчтэй галд шатсан бүтэц байгааг илтгэж байлаа. 2000 оны зун явуулсан малтлагаар тэдгээрийн үүрэг, бүтэц зохион байгуулалтыг нарийвчлан судалж үзсэн болно.
Зуухнууд нь яльгүй зууван хэлбэртэй шатаах тасалгаатай бөгөөд халуунд хатуурч дагтаршсан шавар-элсэрхэг шалтай. Шатаах тасалгааны нээлхийн өмнө 1,20 м хүртэл гүнтэй тоосгоор доторлосон нүх байх бөгөөд энэ нь гал оруулах ам буюу камерын үүрэг гүйцэтгэж байжээ. Гал ноцоохдоо тусгай сувгаар хүчилтөрөгчийн хангамжийгзохицуулдаг. Галлах тасалгааны эсрэг талд шаталтын камерыг яндан шиг нүхнүүдээр хувааж өгсөн бөгөөд энэ нь халуун агаарыг гаргах, температурыг хянах боломжийг олгодог байжээ.

Зууханд юу шатаадаг байсан бэ?

Аз болоход, шатаах тасалгаанууд болон зуухны эргэн тойронд шатааж байсан эд зүйлсээс олон тоогоор хадгалагдсан үлдсэн байсан тул зууханд юу шатааж байсныг тодорхойлох боломжтой болсон. Хоёр ч зууханд арслан – лууны толгойн үлдэгдэл, эвэрт лууны олон хугархай, мөн ногоон паалантай шавар баримал олджээ. Бусад зууханд дээврийн тоосгон хавтан, хана, шалны хавтан, шатаагүй шавар тоосгоны үлдэгдэл байсан. Эдгээр олдворууд нь зуухыг том сүм барихад зориулж барилгын материал үйлдвэрлэхэд ашиглаж байсныг харуулж байна.
Сүмийн барилгын баруун талд байрлах жижиг зуухыг энгийн вааран сав үйлдвэрлэхэд ашиглаж байсан болов уу. Зуухан дотор ханын тоосго их хэмжээгээр хадгалагдсан байдлаас үзэхэд энэ зуух нь анхандаа нэлээд өндөр ханатай байсан бөгөөд магадгүй бөмбөгөр дээврээр хучигдсан байсан бололтой. Ийм “Мантоу зуух” буюу “загалмайн зуух” нь Төв Азид нэгдүгээр мянганы үеэс түгэн дэлгэрсэн байна.

Арслан-луугийн дүрс бүхий шавар чимэглэл

Тодорхойлолт

Уран сэтгэмжит луу, арслангийн элемент холилдсон эдгээр толгойг эхлээд хэвээр цутгаж, дараа нь хутга маягийн багажаар гараар засаж янзлаад зуухан дотор шатааж бэхжүүлсэн бололтой. Гараар урласан урт хошуу, ангайсан том ам, үс болон дэлийг навчин хэлбэртэй хээ угалзанд уусгаж дүрсэлсэн, нүд зэрэг махлаг хэсгийг товойлгон урласан байна.

Орхон голын эрэг дэх шатаах зуухнууд

2008, 2009 онд Орхон голын орчимд үүнээс ч илүү том зуухны дүүргийг судалсан бөгөөд энэ нь мөн л Хархорумын цаг үеийнх юм. Орон нутгийн нэгэн зураач тухайн орчмын газрын гадаргуу дээрээс шавар эдлэлийн олдвор зөндөө олддог болохыг олж мэджээ. Археологийн судалгаагаар тэнд дор хаяж 11 шатаах зуух байгааг нотолсон. Олдвор хэрэглэгдэхүүнүүд нь гол төлөв зуухны зай тохируулах багаж, дээврийн нүүр ваар, шавар дүрс баримлуудаас бүрдэх бөгөөд тэдгээр нь ихэвчлэн пааландсан үлдэгдэлтэй байсан нь бүтээгдэхүүнээ пааландаж шатааж байсныг харуулж байна.
Хоёр зуухны урлангийн аль алийг нь хот байгуулахад зориулж барилгын материалын байнгын үйлдвэрлэлд ашиглаж байсан болов уу. Мод, шавар, ус зэрэг шаардлагатай материалууд Орхоны хөндийн өргөн уудам тал нутаг, түүний зэргэлдээх Хангайн нуруунд хангалттай хэмжээгээр байдаг билээ.