© C. Stutterheim / Presse- und Informationsamt der Bundesregierung

Судалгааны төслийн түүх

Археологийн салбарт Монгол-Германы хамтын ажиллагаа 20 гаруй жил үргэлжилж байна. Монгол-Германы Хархорумын экспедиц, Монгол-Германы Орхон экспедиц гэсэн хоёр том төслийн хүрээнд явагддаг. Энэхүү хоёр төслийн хүрээнд малтлагын ажлууд, судалгаа, шинжилгээ, соёлын өвийгхамгаалах, сургалт, хэвлэн нийтлэх зэрэг олон төрлийн ажлууд хийгддэг.

Монгол-Германы Хархорум Экспедиц (MDKE)

Социализмын үеэс Хархорум хотод монгол, зөвлөлтийн эрдэмтэд археологийн судалгаа хийж байжээ. 1990 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын өөрчлөлт нь Хархорумд судалгаа, шинжилгээ хийх шинэ боломжуудыг нээж өгсөн. 1995, 1996 онуудад ЮНЕСКО болон Японы эрдэмтэд Хархорумыг судлах, хамгаалах төслийг дэмжсэн. Хотын цогцолборыг хэмжиж, гадаргууг шалгаж, шинжилсэн. Эртний Хархорум хотоос үлдэж хоцорсон энэхүү түүх, соёлын өвийг хадгалж үлдээхэд янз бүрийн нөлөөлөл заналхийлж байгааг судлаачид тогтоосон. Эдгээрт жишээлбэл, хөдөө аж ахуйн салбарын ашиглалт, хотын буйр луу улам бүр ойртож буй барилгажилт, түүхийн дурсгалт зүйл, эрдэнэсийн хулгайн ангуучид, хотын байгууламж руу нэвтэрч, давхилдах машин, тээврийн хэрэгслүүд багтжээ. Нөгөө талаар олон жилийн туршид хамгийн их хохирол учруулсан эзэд нь археологичид өөрсдөө байж: Төрөл бүрийн экспедицүүд тэр олон малтлагыг хийхдээ гаргасан нүх талбайгаа эргүүлж булаагүй, хаягдал хог шороогоо овоолоод орхисон нь өгөршил, ялзралд өртсөн байв. Эдгээр шалтгаануудын улмаас эртний хотын үлдэгдэл тайлбайг илүү сайн хамгаалах, хадгалах үүднээс анх удаа хашаагаар хүрээлжээ.

Гадаадын мэргэжил нэгтнүүдтэй ийнхүү анхлан хамтран ажилласны дараа 1998 оны намар Монголын Шинжлэх Ухааны Академи, ХБНГУ-ын Боннын Их Сургууль, Германы Археологийн Хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагджээ. Гэрээнд Монгол-Германы Хархорумын экспедицийг байгуулах, монгол, германы эрдэмтэд хотын анхны талбайд хамтарсан хайгуул хийх зэрэг ажлуудыг тусгажээ. Хоёр улсын Ерөнхийлөгчид уг төслийг өөрсдийн ивээл дороо авсан явдал нь тухайн төслийн улс төрийн ач холбогдлыг тодорхойлно.

Анхны хамтарсан малтлага 2000 онд болсон. Тэр цагаас хойш дундад зууны үеийн Хархорум хотын эргэн тойронд малтлага, судалгаа, соёлын өвийг хамгаалах төсөл, үзэсгэлэн зэрэг олон талын ажлууд зохион байгуулагдаж байна.

© H. Wittersheim / DAI

Монгол-Германы Орхон Экспедиц (MONDOrEx)

Хархорум бол Орхоны хөндийн цорын ганц чухал түүхэн дурсгалт газар биш юм. Голын урсгал дагуу доошоо дөнгөж гучаадхан километрийн зайд дараагийн нэгэн [[Карабалгасун]] түүхэн эзэнт нийслэл бий. Харбалгас нь 742-840 оны хооронд Уйгурын эзэнт гүрний хот байв.

2007 онд Орхоны хөндийн Харбалгас болон археологийн бусад дурсгалуудыг судлах зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Германы Археологийн Хүрээлэнтэй хамтран Монгол-Германы Орхон Экспедицийн ажлыг эхлүүлсэн. Тун удалгүй Монгол Улсын Их Сургууль тус хамтын ажиллагаанд нэгдсэн. Мөн ондоо [[Карабалгасун]]-ын судалгаа, хайгуул, хэмжилтийн ажил эхэлсэн. Энэхүү төсөл нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Монгол-Герман хоёр улсын соёл, боловсролын салбарын хамтын гүн гүнзгий ажиллагааны илэрхийлэл юм. 2018 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техник, Эдийн Засгийн Дээд Сургууль дараагийн нэгэн түншээр төсөлд нэгдсэнээр орчин үеийн дижитал технологийг судалгааны ажилд нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс гадна энэхүү сургууль нь сургалт, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Монгол, Герман болон олон улсын бусад оюутнуудыг хамруулсан хэд хэдэн удаагийн зуны сургалтыг Монгол, ХБНГУ-д зохион байгуулж явж байгаа нь харилцан туршлага солилцох, олон улсын харилцан ойлголцлыг нэгэн зэрэг дэмжсэн сайхан туршлагууд болж байна.