
Худаг
Хар балгасын цитаделийн 13 метр илүү гүнтэй худгийг санамсаргүй байдлаар нээж олсон нь археологийн санаанд оромгүй, гайхалтай үйл явдал болсон юм. Худаг нь маш нарийн хийцтэй бөгөөд усан дотроос тун сайн хадгалагдсан олон тооны органик олдвор олдсон нь тус бүс нутагтаа одоо ч онцгой юм.
Худгийг нээсэн нь
2014 оны зун явуулсан малтлагын явцад цитаделийн төв дэх задгай хүрээний хавтангаар шалласан хэсэгт хуучин хүмүүсийн алхаж байсан түвшин хаа байгааг эцэслэн тогтоох шаардлагатай байв. Удалгүй задгай хүрээний хэсэгт зарим нь байрандаа хадгалагдаж үлдсэн хучилтын хавтангууд зарим газраа байхгүй, ерөөс бүх талбайг хамарч байгаагүй нь тодорхой болсон юм. Хавтан байхгүй тэр газраас, хавтангийн оронд харин газрын давхарга руу доош орсон гүн нүх илэрч, доош малтахад шувууны бүтэн араг яс, бас хэд хэдэн шавар сав, боржин чулуун суурь илэрсэн боловч нүхний ёроолд хүрч чадаагүй юм. Энэхүү нөхцөл байдал нь бидний анх төлөвлөснөөс эсрэгээр, цитаделийн малтлагаа дуусгаж чадахгүй орхиж, ер бусын энэ байгууламжийн тайлбарыг олохын тулд ирэх зун малтлагын ажлаа дахиад л үргэлжлүүлэх шаардлагатай болгов.
Нүх доошоо тасралтгүй гүн үргэлжилсээр байсан тул дараа жил нь хийсэн малтлагын ажил тийм ч таатай дуусаагүй. Явах тутам малтлага маань техникийн үүднээс улам бүр хэцүү болж байлаа. Малтсан шороогоо хувингаар дамжуулсаар аажмаар дээш нь зөөж гаргав. Аюулгүй байдлаа найдвартай хангах, илүү гүн малтаж чадах, бас тэгээд доош гүн болоход ажиллах хангалттай зай талбай гаргаж авах шаардлагын үүднээс нүхний дээд хэсгийг дахин дахин өргөтгөн тэлж байлаа. 13 илүү метр болсны дараа сая байгалийн ул хөрсөнд хүрч, нүхний нууц илрэв. Бид Хар балгасын цитаделийн худгийг нээлээ!

Худгийн хийц, бүтэц
Худаг нь цитаделийн шавар дэлдэж хийсэн сууринд ухаж гаргасан, ойролцоогоор гурван метр орчим дугуй голчтой, бараг эгц шахам цооног нүхтэй бөгөөд 5,40 метрийн гүнээс эхлэн 1,60 х 1,60 м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй модон хашлагаар доторлосон байв. Энэхүү тэгш өнцөгт хэлбэртэй модон хийц нь индэрийн доорх сэвсгэр хурдсанд тааруулан гонзгой хэлбэртэй зургаан боржин чулууг нийлүүлэн зургаан тал гаргаж үелүүлсэн чулуун дэрэнд тулгуурласан байв. Нийт арван хоёр үе энэхүү чулуун хийцийн доорх ёроолд бат бөх таван модон шонд бэхэлсэн, банзаар жаазалж хийсэн, тэгш өнцөгт хэлбэртэй модон хайрцаг байсан нь тун онцлог хийц бүтэцтэй бөгөөд худгийн жинхэнэ усан сан энд байдаг ажээ. Нөгөө талаар энэхүү олдворын цогц байдал нь цитаделийн одоо мэдэгдэж байгаа хамгийн эртний талбай болох юм.
Худгаас илрүүлсэн олдворын зүйлс
Худгийн цооног нүх тоосгоны хагархай, мал амьтны шатсан яс, барилгын элдэв чимэглэл зэрэг янз бүрийн үлдэгдэл бүхий нурангиар дүүрсэн байв. Тэр давхарга дотроос өнгөлж зассан гантиг чулуун дээр, хятад үсэг сийлж алт суулгасан “хаш ном” хэмээх бичигтэй чулууны хэлтэрхий нэлээд гарсныг онцлон дурдах ёстой.
Гүн нэмэгдэхийн хэрээр улам бүр чийгшилт хүчтэй мэдрэгдэж малтлагын хамгийн доод үе давхаргаас шаварлаг нойтон хөрс, тэгээд ус гарч эхлэв. Энэхүү доод давхаргад олон тооны олдвор, нэн ялангуяа органик материалууд онцгой сайн хадгалагдсан байлаа. Бараг бүтэн шахуу хадгалагдсан шавар сав дор хаяж дөрөв олдсоны нэгэнд нь Хар балгаст сууж асан хоёр дахь хаан болох Моюнчурын засаглалын бэлгэдэл – тамганы дүрсээр чимэглэсэн, түүнээс гадна хаш номын хэд хэдэн хагархай, мөн гантиг чулуун арслангийн хоёр том хагархай олдсоны ур хийц, материалын чанар зэргээс үзэхэд хаад язгууртантай холбоотой нь мэдэгдэж байв.

Олдворын каталог дахь худгийн олдворууд
Төмөрлөг олдвор
Бид эндээс бас маш сайн хадгалагдсан, алтадмал том төмөр цоож, малтаж гаргаад үзэхэд одоо ч жингэнэн дуугардаг хүрэл хонх зэрэг төмөрлөг олдвор олсон. Мөн барилгын хийц бүтцийн хэсэг, эсвэл ямар нэг тавилга ба үүнтэй төстэй зүйлийн үлдэгдэл байж болох тун сайн хадгалагдсан органик материал – модон эдлэлийн үлдэгдлүүд олсныг онцлон тэмдэглэе.
Цэцэг ургамлын дүрсэт хээтэй, хар лакаар бүрсэн 1,50 м орчим урттай хоёр модон шон, мөн лакаар бүрсэн бусад модон эдлэл гарсан нь хадгалалт хамгаалалтын үүднээс онцгой сорилт болсон юм. Хэдийгээр худаг дотор 1200 жилийн турш маш сайн хадгалагдан үлдсэн хэдий ч тэдгээрийг гаргаж авсны дараахан анхны эвдрэл гэмтэл анзаарагдсан. Ингээд модон эдлэлүүдийг сэргээн засварлах ажлыг хэдэн жилийн турш Монгол, Японы мэргэжил нэгт нөхдүүдтэй нягт хамтран ажилласнаар амжилттай хийж чадлаа.
Хар балгасын худаг бол хийц бүтэц хийгээд ховор содон олдвор хэрэглэгдэхүүн илэрч олдсон, ер нь аль ч талаараа археологийн онцгой нээлт болсон билээ.

Алтан бүрээстэй цоож
Тодорхойлолт
Асар том хэмжээтэй алтадсан цоож. Энэ нь Хар балгасын цитаделийн худгаас олдсон.
Өөр цаг үеийн ваарны хагархай






