© H. Wittersheim / DAI

Археозоологи

Амьтны яс, шүд болон бусад үлдэгдэл нь археологийн олон малтлагаас хамгийн их гардаг олдворт хамаарна. Археозоологийн салбар нь энэ төрлийн олдворуудаар дамжуулан хүн ба амьтан хоорондын олон талт харилцааны талаар илүү ихийг мэдэхийн тулд зоологи, биологи, археологи, экологи гэх мэт салбаруудын янз бүрийн аргыг ашигладаг.

Археозоологийн үндсэн мэдээлэл

Археозоологийн тайлбар бүрийн үндэс нь илэрч олдсон амьтны үлдэгдлээс олж авах боломжтой мэдээллүүд юм. Үүнд, ялангуяа ангилал зүйн тодорхойлолт буюу өөрөөр хэлбэл, олдсон үлдэгдлээр нь тухайн амьтны төрлийг тогтоох асуудал багтана. Энэхүү тодорхойлолтыг яс, шүдний гадаад шинж тэмдгүүдэд үндэслэн хийдэг.

Дараагийн чухал мэдээлэл бол тухайн амьтны үхэх үеийн нас бөгөөд үүнийг чөмөгт ясны булуу их бие хоёрын завсар байх өсөлтийн зурвас гэж нэрлэдэг мөгөөрсөн хэсгийн байдал, сүүн шүд нь байгаа, эсвэл ясан шүдээр солигдсон эсэх, түүнчлэн шүдний элэгдлийн зэрэг мэтийг үндэслэн тодорхойлдог. Түүнчлэн аарцаг мэтийн зарим онцлог шинж чанартай ясаар нь хүйсийг тодорхойлж болно. Ясны урт, өргөн хэд байгааг хэмжиж хүйсийг бас тодорхойлж болохын зэрэгцээ өндрийг нь сэргээн төсөөлөх, гэрийн болон зэрлэг амьтдын төрөл зүйлийг ялгахад ашигладаг байна.

Археозоологийн асуултууд

Эдгээр бүх мэдээллийг хуримтлуулж судалсны дараа янз бүрийн асуултанд тоо болон чанарын хувьд үнэлэлт дүгнэлт өгч болно. Амьтны нэг төрөл зүйлийн ясны харьцангуй олон давтамж нь тухайн төрөл зүйлийн хамаарах хүмүүсийн бүлгийн хувьд эдийн засгийн ямар ач холбогдолтой байсныг тусган харуулж байдаг. Алсан амьтдын хүйс, насны хуваарилалтаас амьтны ямар нэг төрөл зүйлийг тодорхой зорилгоор, тухайлбал, давын өмнө махны, сүүний, ноосны гэх мэт чиглэлээр өсгөж байсан эсэх тухай дүгнэлт хийж болно. Амьтны популяцийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг мэдэхийн тулд үлдэгдлүүдэд эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг судалж үздэг. Жишээлбэл, зарим бодгалийг хөллөгөөний мал болгон ашиглаж байсан эсэхийг тогтооно. Тэрчлэн зүссэн, цохисон, хазсан ул мөр, галын үйлчлэлээс бий болсон нөлөөллийн шинж тэмдэг зэрэг нь мэдээллийн чухал эх сурвалж бөгөөд нядалгаа, мах эвдэх заншлын тухай юм хэлж өгнө. Өөр өөр дурсгалт газрууд ба цаг үеүдийн археозоологийн судалгааны мэдээллийг харьцуулж үзсэнээр амьтанд хандах хандлагын соёлын нийтлэгийн өвөрмөц онцлогийг танин мэдэх боломжтой. Археозоологийн асуултанд хариулахын тулд изотопын шинжилгээ, ДНА-ийн шинжилгээ зэрэг байгалийн шинжлэх ухааны аргуудыг ашиглах болоод нэлээд хугацаа өнгөрчээ.

Хархорум, Хар балгасын судалгаа

Хархорумын хувьд олдсон мал амьтны ясны зарим хэсэгт 2010 онд анхны урьдчилсан шинжилгээ хийсэн. Үүгээр, тухайлбал, хотын хангамжинд бараг дан ганц малаар, ялангуяа хонь, үхэр түлхүү ашиглаж байсан нь мэдэгдсэн. Харин зэрлэг ан амьтдыг агнах нь ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй бололтой. Хонийг ихэвчлэн төлөг, шүдлэн байхад нь нядалж байснаас үзэхэд хонины аж ахуйн үндсэн зорилго нь махны чиглэл байсан аж.

Тэрчлэн Хар балгасаас олдсон мал амьтны ясыг судалсан бөгөөд үр дүн нь Хархорумынхтай дүйцэхүйц байв.