© M. Riemer / DAI

Сургалт боловсрол, мэдлэг дамжуулалт

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол, Германы оролцогчдод янз бүрийн түвшинд боловсролын ажил, мэдлэг дамжуулах, идэвхтэй хээрийн судалгааны зэрэгцээ соёлын талаар өргөн хэлэлцүүлэг, солилцоо өрнүүлэхэд онцгой ач холбогдол өгч ирлээ.

Боловсрол, сургалтын тэтгэлэг

Малтлагатай зэрэгцүүлэн зохион байгуулдаг зуны сургуулиудаар дамжин герман, монгол оюутнууд, ажилчдад археологийн түүх, малтлагын арга зүй, техник, монгол хэл, түүх, малтлагын арга барил, эх сурвалжийн судалгаа зэрэг хичээлүүдийг зааж байна. Энэхүү шинэ мэдлэгийг малтлаганд газар дээр нь практикт ашиглаж, байнгын хэлэлцүүлгүүдээр гүнзгийрүүлэн бататгав.

Малтлагын үр дүнгүүдийг докторын диссертац, магистр, бакалаврын төгсөлтийн ажлуудаар үнэлж дүгнэн хэвлүүлсэн байна. Үүний зэрэгцээ Герман, Монголд харилцан судалгаа хийх боломж олгодог бөгөөд үүгээр дамжуулан тухайн орны археологи, түүхийн тухай мэдлэгээ жилийн турш гүнзгийрүүлэх бололцоотой. Мөн Германы Эрдмийн Солилцооны Албаны дэмжлэгтэйгээр Германд хэдэн жилээр суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан билээ.

Сэргээн засварлалт

Судалгааны төслийн хүрээнд шинэ залуу археологичдыг сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаас гадна сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах нь сүүлийн жилүүдэд улам бүр чухал болж байна.