Нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг
ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндий нь Хар балгас, Хархорум зэрэг хотын тууриудын хамтаар сүүлийн 20 гаруй жилийн турш олон улсын хамтарсан судалгааны ажлын анхаарлын төвд байсаар ирлээ. Судалгааны ажлаар энэхүү хосгүй бүс нутгийн ач холбогдлын талаарх шинэ шинэ нээлтүүд жил бүр гарч дэлхийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн нэгэн эриний тухай бидний ойлголтыг өргөтгөж байна.
Орхоны хөндий виртуал музей
Орхоны хөндийг нээх аялалд тавтай морилно уу! Энэхүү вэб хуудас нь танд энэ бүс нутгийн гайхамшигт түүхтэй танилцаж, сүүлийн 25 жилийн турш Монгол Германы эрдэмтдийн хамтын ажиллагааны хүрээнд олж илрүүлсэн археологийн онцгой олдворуудыг үзэх боломжийг олгоно.
Музей үзэхтэй адилаар та төрөл бүрийн сэдвийн хүрээнд чухал ач холбогдолтой олдворууд болон тэдгээрийн олдсон газруудтай танилцаж, ингэснээр энэхүү түүхэн эрдэнэсийн сангаас үргэлж шинийг олж мэдэх болно. Энэхүү вэб хуудас бол тогтмол өргөжин хөгжих амьд төсөл юм. Бид тогтмол шинэ олдворуудаа танилцуулж, цуглуулгаа өргөтгөж байх тул “Орхоны хөндийн виртуал музей”-гээр дахин дахин айлчилж байгаарай.
Танд манай хуудсаар зочилж шинийг нээх нь таалагдана гэж итгэж байна!
Дэлхийн соёлын өвийн эрдэнэс
13-р зуунд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улсын сүр жавхлант нийслэл Хархорум болон 8-9-р зууны Уйгурын их хот Хар балгас нь Дэлхийн соёлын өвийн үнэлж баршгүй эрдэнэс юм. Нүүдэлчдийн их гүрнүүдийн нийслэл байсан эдгээр түүхэн хотууд нь сүүлийн үед хийгдсэн гайхалтай нээлтүүдийн цөм болж байна. Виртуал музей нь танд эдгээр хотын үлдэгдлээс гарсан сэтгэл хөдөлгөм олдворуудыг үзэж Орхоны хөндий, түүний түүхийн тухай илүү ихийг олж мэдэх боломж олгож байна.
Та энэхүү цахим хуудаснаас Орхоны хөндийн баялаг түүхийн дэлгэрэнгүй тоймоос гадна Хархорум болон Хар балгас хотын хөгжил, ач холбогдлын талаар нарийн мэдээлэл авах болно. Үүний зэрэгцээ одоо явагдаж байгаа малтлагын төслүүд, тэдгээрийн гайхамшигтай үр дүнгүүд болон энэхүү хосгүй бүс нутгийн тухай мэдлэгийг зузаатгахаар ашиглагдаж байгаа орчин үеийн археологийн арга технологийн талаар олж мэдэх болно. Таныг археологийн гайхамшигт ертөнцөөр аялж Орхоны хөндийн нууцтай танилцахыг найрсгаар урьж байна!
Их Монгол улсын нийслэл Хархорум
1220 онд Их Монгол улсын нийслэл болж байгуулагдсан Хархорум хот нь өнөөдрийг хүртэл монголчуудын өөрсдийнх нь ой санамжид мөнхийн бэлэг тэмдэг болон үлджээ. Улаанбаатар хотоос баруун зүгт 400 орчим км зайд орших энэхүү домогт хот нь дэлхий дахины эрдэмтдийн анхаарлыг эртнээс татсаар иржээ. Энэ хотын гялалзан мандсан үе нь хэдийгээр богинохон байсан боловч тухайн үедээ амьдрал буцалсан, олон үндэстний соёлыг агуулсан аварга том хот байсан тухай нарийн ширийн зүйлс судалгаагаар илэрсээр байна. Бичгийн эх сурвалжид дурдсанаар олон янзын соёл, олон ургалч үзлийн хот гэж тэмдэглэсэн нь сүүлийн үеийн археологийн олдворуудаар бүрэн дүүрэн батлагдсаар байна. Хархорум бол энгийн нэг нийслэл байсангүй. Хархорум бол дэлхийн түүхийн галын тулга байсан бөгөөд өнөөдрийг хүртэл Монголын түүхийн гайхамшигт нэгэн хуудас билээ.
Судалгааны төсөл
Энэхүү хосгүй соёлын ландшафтын гайхамшигтай түүхийг судалж дэлхий дахинд таниулахын тулд монгол, германы эрдэмтэд 20 гаруй жилийн турш мөр зэрэгцэн ажиллаж байна. Нэгэнтээ Монгол-Германы Хархорум экспедиц хэмээн эхэлж байсан энэхүү төсөл нь эдүгээ Монгол-Германы Орхон экспедиц болон улам өргөжиж, жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс судлаачдыг Орхоны хөндийд авчран, энэхүү түүхэнд шингэсэн бүс нутгийн нууцыг хамтдаа эрэлхийлэн, гайхалтай соёлын өвийг нь судалж, хойч үедээ уламжлуулахаар шинжилж байна.
Хар хорумд 2014 онд сэргээн засварласан сүмийн суурь
Олон зууны дараа ил гаргасан – Олдворын виртуал каталог
Монгол-Германы экспедицийн малтлага судалгааны хүрээнд зөвхөн хотын барилга байгууламжийн үлдэгдлүүдийг нээж гаргаагүй. Дундад зууны нүүдэлчдийн эзэнт гүрний гар урлал, сүсэг бишрэл, аж ахуй болон өдөр тутмын амьдралыг гэрчлэн харуулах олон сонирхолтой олдворыг илрүүлж олсон. Энэхүү цахим хуудасны хэсэгт маш онцгой, сонирхолтой эсвэл илүү утга учиртай олдворуудыг дээжлэн үзүүлж түүхийг нь өгүүлнэ. Цахим үзмэрт тавигдсан бүх эд өлгийн зүйлсийг олдворын виртуал каталогоос хайж олох боломжтой. Энд товч тайлбар, гэрэл зургууд, олдворыг илрүүлж олсон газрын мэдээлэл болон эргүүлж тойруулан бүх талаас нь нарийвчлан үзэх боломжтой тухайн олдворын 3D загвар бий.
Онцлог олдворын каталог
Хар балгасын худаг
Хар балгасын худгийг олж илрүүлсэн нь олон жилийн судалгааны хамтын ажиллагааны оргил олдворын нэг юм. Хар балгасын цитаделийн археологийн судалгааны ажил 2014 онд дуусах ёстой байсан боловч Ордон хотын тус талбайн хэсэгхэн газарт нэгэн үл мэдэгдэм хөрсний хувиралт илэрсэн нь малтлагыг дараагийн жилүүдэд үргэлжлүүлэх шаардлагатай болгосон. Энэхүү 13 м гүнзгий эгц доошоо нүх нь цитаделийг бүслэлтийн үед усаар хангах худаг байсныг 2018 онд сая олж тогтоосон билээ. Худгийн хийц бүтэц хийгээд худгаас олдсон олон тооны гайхалтай олдворууд бүгд маш сайн хадгалагдаж үлдсэн байлаа.
Орхоны хөндий виртуал музей
Орхоны хөндийг нээх аялалд тавтай морилно уу! Энэхүү вэб хуудас нь танд энэ бүс нутгийн гайхамшигт түүхтэй танилцаж, сүүлийн 25 жилийн турш Монгол Германы эрдэмтдийн хамтын ажиллагааны хүрээнд олж илрүүлсэн археологийн онцгой олдворуудыг үзэх боломжийг олгоно.
Музей үзэхтэй адилаар та төрөл бүрийн сэдвийн хүрээнд чухал ач холбогдолтой олдворууд болон тэдгээрийн олдсон газруудтай танилцаж, ингэснээр энэхүү түүхэн эрдэнэсийн сангаас үргэлж шинийг олж мэдэх болно. Энэхүү вэб хуудас бол тогтмол өргөжин хөгжих амьд төсөл юм. Бид тогтмол шинэ олдворуудаа танилцуулж, цуглуулгаа өргөтгөж байх тул “Орхоны хөндийн виртуал музей”-гээр дахин дахин айлчилж байгаарай.
Танд манай хуудсаар зочилж шинийг нээх нь таалагдана гэж итгэж байна!