
Хотын хойд хэсгийн малтлага
Хархорумын умард хаалганы ойролцоо, хотын захад орших хэд хэдэн барилгын овгор үлдэгдлээс бүрдэх нэгэн ер бусын онцлог барилгын цогцолборыг 2007-2009 онд нарийвчлан судалсан билээ. Энд хотын төвөөс зайдуу христийн шашны жижиг сүм байсан байх магадлалтай байв.
Хотын хойд хэсэг – харийн хүмүүс сууж байсан газар уу?
Хархорумын хотын төвөөс хятад хэв маягийн гар урчуудын хороолол илэрсний дараа тус шинжилгээний анги Хархорумд байсан соёлын бусад ул мөрийг хайсан юм. Исламын худалдаачид хаана сууж байсан бэ, загалмайтны шашинтнууд хийгээд бусад харийнхан хаана сууж байсан бол? Хааны ордон, түүний бараа бологсод хотын өмнөд хэсэгт сууж байсан бол хотын төв хэсгээр гар урчууд, худалдаачид амьдардаг байж. Тиймээс хотын хойд болон зүүн захад л харийн иргэд, худалдаачид, зочин гийчин хийгээд цөөнхөд зориулсан газар байсан байж таарна.


Хойд талын туслах барилга
Хойд талын туслах барилга нь газарт суулгасан, энгийн чулуун хавтан дээр тулгуурласан, яс модтой байв. Жижиг барилга тул нарийн төвөгтэй олон баганы суурийг ашиглаагүй. Яс мод нь дээрээ хятад загварын шатаасан вааран хавтангаар хучсан дээвэртэй. Хэдийгээр хавтангуудыг пааландаагүй ч гэсэн дээвэр нь гоёмсог шавар чимэглэлүүдтэй байжээ. Дээврийг хучсан хавтангийн нүүрэн талын эгнээнд бэхэлж хадсан ваарнууд нь зээбадын дүрс бүхий бөгөөд төгсгөлийн ваар болгоны уулзварыг товгор хээтэй үзүүрийн чимэглэлээр чимэглэжээ. Эдгээр гоёл чимэглэлийн ээлжлэн солигдсон байдал нь дээвэр даган гүйсэн цэцгийн хэлхээ мэт үзэгдэнэ. Малтлагын багийнхан байшингийн доторх нурангинуудын давхаргад байсан дээврийн үлдэгдэл дундаас шавраар хийсэн хоёр луугийн толгой олсон нь дээврийн чимэглэлийн хэсэг болох нь гарцаагүй юм. Ийм гоёмсог чимэглэлтэй дээвэр нь хятадын уран барилгын уламжлалаас үүдэлтэй бөгөөд өнөө ч Зүүн Ази болон Монголын сүм хийдүүд ч байдгийг харж болно.
Барилгын дотор зэрэгцээ байрлалтай хэд хэдэн модон хэсгүүд байсан нь модон шалны тулгуур, дэр мод бололтой. Уг байшин нь нимгэн дотор ханаар дөрвөн тасалгаанд хуваагдсан байв. Гадна ханыг шатаагүй, түүхий тоосгоор хийсэн. Тэрчлэн суурийн хэсгийг нь анхандаа хатуу, шатаасан тоосгоор өнгөлж байжээ. Энэ нь шавар ханы өрлөгийг элэгдэл, чийгнээс хамгаалж байв. Хотын туурийн олон хэсэгт эндээс олдсон шиг өндөр чанарын тоосгоны үлдэгдэл бараг байдаггүй. Хожим Эрдэнэ зуу хийдийг байгуулах үед хотын бүхий л нурангиас барилгын материал авч ашигласан байх магадлалтай.
Хойд байшингийн сэргээлт




Амьтны тахилга ба Христийн шашин шүтлэг – нэг барилгад
Хойд барилгын үлдэгдлээс үзэхэд уг барилга нь хятад уран барилгын загвараар барьсан сүм хийдийн ердийн нэгэн туслах барилга байжээ хэмээн сэргээн төсөөлж болох юм. Гэвч энэ барилга юунд зориулсан ямар барилга байсан бэ? Энэ талаар хэрэгтэй мэдээлэл өгөх зарим сэтгэл хөдөлгөм, сонирхолтой олдворууд бий. Дөрвөн тасалгаа бүрт үнс, шатсан нүүрсээр хүрээлэгдсэн тоосгон суурьтай, жижиг ханатай тавцангууд гарсан. Эдгээр нь ямар нэгэн зүйлийг шатаадаг жижиг зуухнууд байсан болов уу. Гэсэн хэдий ч энэ бас орон сууцны барилга биш байв: Хүн амьдардаг байсан газраас гарч ирдэг шаазан эдлэлийн хэлтэрхий, хог хаягдал байсангүй, монголын хүйтэн өвлийн амьдралыг амьдрахад тохиромжтой болгодог. Хархорумд түгээмэл хэрэглэж байсан ханзан халаалтын систем ч эндээс гарсангүй. Эндээс гарсан олдвор хэрэглэгдэхүүн нь хачин жигтэй, онцгой байдалтай, маш ер бусын байв: Тухайлбал: Байшингийн дотор талд энд тэндгүй үхрийн эвэрний тугалмай яс байсан. Үхрийн эврийг дундад зууны үед сам, хайрцаг сав, гоёлын зүйл зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүний түүхий эд болгон ашигладаг байсан ч энэ газар нь гар урчуудын ажлын байр биш байв. Хэрвээ уран дархны газар байсан бол тугалмай эврээс гадна элэгдэж эвдэрсэн ажлын багаж хэрэгсэл, хагас дутуу хийсэн, үйлдвэрийн гологдол хаягдал зэрэг бусад олдворууд байх байсан. Үгүй ээ, тугалмай эвэрнүүдийг энд өөр шалтгаанаар байрлуулжээ.

Аваргын балгас
Чухам ямар шалтгаанаар байж болох вэ гэдгийг Монголын эзэнт гүрний үеийн өөр нэг суурингаас харж болохоор байна. Монгол улсын Хэнтий аймгийн нутагт, Чингис хааны бууж байсан нэгэн орд гэж үздэг Аваргын балгас хэмээх газар бий. Их хааныг тэнгэрт хальсны дараа энэ суурин нас нөгчсөн хаан эзэнд тахил өргөдөг, өвөг дээдсийн ариун шүтээний газар болжээ. Жишээлбэл, тахилын онгонд өргөсөн тайлгын малын идээ шүүс малтлагаас олдсон байдаг. Мөн тэндээс эврийг нь тайрсан үхрийн гавлын яс олджээ. Үүнтэй ижил төстэй тахил тайлга өргөх бэлтгэл ажил Хархорум дахь энэхүү барилгын цогцолборын гадна талын туслах барилгад хийгдэж байсан ч байж магадгүй юм.

Христийн шашин ба нүүдэлчин овог аймгууд
Эдгээр бүх бүс нутагт ийм төрлийн загалмайн тэмдгийг археологийн олдворууд болон бусад түүхийн дурсгалт газруудаас олж болно. Дундад зууны үед христийн шашны энэхүү салаа нь Төв Азийн зарим нүүдэлчин овог аймгууд, тэр дундаа хожим мандан бадарсан Монголын эзэнт гүрний цөмийг бүрдүүлсэн Найман, Хэрэйд, Мэргэд аймгийн дунд түгэн дэлгэрчээ. Монголын алтан ургийн зарим гишүүд, тухайлбал нөлөө бүхий Сорхагтани Бехи зэрэг хүмүүс загалмайтны шашныг шүтдэг байжээ. Тэрээр Чингис хааны отгон хөвгүүн Толуйн гэргий, Мөнх хаан, Хубилай (хоёулаа дараалан эзэнт гүрний их хаад), Хүлэгү(Багдадыг байлдан дагуулагч, Персийн анхны Ил хаан), Аригбөх (Хубилайтай өрсөлдсөн их хаан) нарын эх байв. Тэрээр өөрийн хөвгүүдээ эзэнт гүрний язгууртны доторх эрх мэдлийн төлөөх тэмцэлд байр сууриа эзэлэхэд нь үлэмж их тус хүргэсэн төдийгүй өөрийн улс төрийн нэр хүндтэй байр суурин дээрээс Монголын эзэнт гүрний дотор шашны хүлээцтэй байдлыг сурталчилж, хангаж чадсан хүмүүн байв. Тэр өөрөө Христийн шашин шүтдэг байсан ч, бас Бухар дахь Коран судрын сургуулийг үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч гэдгээрээ алдаршсан юм. Иран, Төв Ази, Монголын тал нутаг, Хятадад түгэн дэлгэрснээр Дорнын сүм хийд нь дундад зууны үеийн хамгийн өргөн тархсан Христийн шашны салаа байсан байна. Тэгэхлээр тус хээрийн шинжилгээний анги Рубрукийн тэмдэглэлд дурдагдсан Христийн сүмийг Хархорумын хойд хэсгээс олсон юм биш биз? Одоо бүгдээрээ үндсэн гол барилгын малтлагыг авч үзэцгээе.
Үндсэн төв барилга
Зүүн талд байрлах гол барилга нь нуранги овгорынхоо хэмжээгээр газрын гадаргуу дээр аль хэдийн харагдаж, мэдрэгдэж байв. Археологичид уг барилгын үлдэгдлийг малтахад тал бүр нь 17.5х17.5 метр өргөнтэй, тэгш дөрвөлжин хэлбэртэй, мерт орчим өндөр суурийн тавцан илэрсэн. Үүний дээр анхандаа 4х4 буюу нийт 16 ширхэг баганын боржин чулуун суурь байрлуулсан байж. Барилгын тавцан дээр болон түүний эргэн тойрон буй нурангийн дотор дээврийн ваар, чимэглэл, нөмрөг, тосгуурын нүүр ваар үлэмж хэмжээтэй байв. Бас барилгын ерөнхий төлөвлөлт, барьсан эд хэрэглэгдэхүүн зэргээс үзэхэд хятад маягаар төлөвлөж барьсан гэдэг нь тодорхой байлаа. Хэдийгээр зөвхөн суурийн тавцан, зарим цөөн тооны баганын суурь, дээврийн нуранги хадгалагдан үлдсэн ч гэлээ эдгээр үлдэгдэл дээр үндэслэн уг барилгыг нилээд сайн сэргээн төсөөлөх боломжтой байв. Үүнд тус болох бичгийн эх сурвалжийн нэгэн сонирхолтой мэдээ байдаг: 12-р зууны үеийн хятадын барилгын гарын авлагад сүм хийд, орд харш болон олон нийтийн бусад барилга байгууламжуудыг төлөвлөх дүрэм, журам, баримтлах зохист харьцаа,хэмжигдэхүүнүүдийг бичиж үлдээсэн байдаг. Барилгын суурийн өндөр, мөн баганын суурийн хоорондох зайд үндэслэн дээр нь баригдсан байгууламжийн хэмжээ, харьцааг мөн ойролцоогоор сэргээж үзэж болно. Гадаад хэлбэрийн хувьд бидний малтсан энэхүү гол барилга дундад зууны үеийн ийм ижил төрлийн сүм хийдийн хэд хэдэн жишээг хадгалан авч үлдсэн, Хятадад байдаг шиг ердийн жижиг сүм дугана лугаа адил тэг дөрвөлжин хэлбэртэй сүмийн жижиг танхим байв. Цорын ганц ер бусын зүйл бол барилгын хаалга баруун тийш харсан байв. Энэ нь уг барилгыг сүм болгон ашиглаж байсантай холбоотой байж болох уу? Ямар зорилгоор хятадын уламжлалаар ийм танхимтай барилга барин ашиглаж байсныг уг барилгын загвараас тодорхойлох боломжгүй юм. Ийм төрлийн танхимт барилгуудыг Хятадад Буддын болон Бомбын шашны сүм хийд, орд харш тэр байтугай исламын сүм дуганад ч ашигладаг байжээ. Үүнийг сүм дугана болгон ашиглаж байсан гэдэг нь яг бодож болох хувилбар аж. Барилгын энэхүү үе шатанд хамаарах олдвол материал маш бага юм. Буддын чимэглэлийн урлагтай ижил төстэй шавар чимэглэлүүдийн нилээн хэдэн хэсэг олдсон боловч уг барилгын төрх чухам ямар байсныг итгэл төгс сэргээх боломжгүй болжээ.
Төв барилгын сэргээлт




Барилгын насжилт
Барилгын хоёр үе шатанд барилгын модон хийцийн үлдэгдэл олдсон бөгөөд тэдгээрт агуулагдаж буй нүүрс төрөгчийн изотопуудад (14С) дүн шинжилгээ хийснээр он цаг тогтоож шинжилгээ хийсэн. Нарийвчлалын алдааг үл харгалзан хуучин барилга нь 13-р зууны эхний хагаст, өөрөөр хэлбэл, Хархорум хотын эхний хамаарах нь тогтоогдсон болно. Магадгүй Вильхелм фон Рубрукийн айлчлан ирсэн үетэй ч таарч байж болохоор аж. Хятад уран барилгын загвараар барьсан залуу үеийн барилга хийгээд түүнд хамаарах туслах барилгуудыг хуучин барилгыг нураасны дараа 13-р зууны хоёрдугаар хагаст эсвэл 14-р зууны эхэн үед барьж байгуулсан бололтойt.

Төв Азийн архитектур
Түүний оронд Төв Азийн архитектур харагддаг. Тэг дөрвөлжин суурь нь бөмбөгөр оройтой байшингийнх байж болмоор. Түүний доторхийг жижиг тавцангаар бага зэрэг өндөрлөсөн байв. Баруун талд нь гурван жангийн хэмжээтэй жижиг танхим байв. Түүний тоосгоор хучсан дээврийг чулуун суурьтай модон баганууд тулж байсан аж. Түүхий тоосго, шавар дагтаршуулж хийсэн ханатай байв. Тэг дөрвөлжин барилгын өндөрлөсөн суурийн тавцан нь танхим руу бага зэрэг сунаж, нэг төрлийн жижиг тайзыг бүрдүүлжээ. Энэ барилга нь мөн л баруунаас зүүн тийш чиглэсэн бөгөөд Христийн шашны зан заншлыг дагаж мөрдсөн бололтой. Баруун талд байрлах танхим, бүтцийн хувьд тусдаа тэг дөрвөлжин, дээш өргөгдсөн өндөрлөг дээр найрал дуучдын байрладаг тайз маягийн зүйл байсан уг барилга нь Төв Азийн Дорнын сүм хийдийн барилгуудтай төстэй байв.
Эртний барилгын үе шатыг сэргээсэн нь




Дэлхийн шашнуудын хайлсан тогоо
Сүм байж болзошгүй хэмээн таамаглагдаж байгаа барилгаас олдсон олдворууд нь Монголын эзэнт гүрний олон үндэстэн угсаатнаас бүрдсэн төрт улс дахь шашны олон янз байдлын хөгжлийг илүү сонирхолтой, тод томруун тодорхойлж байна. Христийн шашны мөргөлийн багаж хэрэгслийн хамт өвөг дээдсийн тахил тайлгын ул мөр энд байх нэгэн барилгаас олдсоныг хэрхэн ойлгож, тайлбарлах вэ? Христийн шашин ба уугуул нутгийн ёс заншлын хоорондын нягт солилцоо нь энэ хоёрыг нэгтгэсэн шашны зан үйлийн маш өвөрмөц, онцгой хэлбэрийг бий болгосон гэж таамаглаж болох юм. Өвөг дээдсийн тахил тайлгын тухай хятад бичгийн эх сурвалжууд мөн дээр дурдсан Сорхагтани Бехийн жишээн дээр тийн өгүүлсэн байдаг. Өвөг дээдсээ хүндэтгэх тахил тайлгын ёслолыг Христийн шашны сүм хийд эсвэл түүний туслах барилга байгууламжид хийдэг байжээ. Ингэхлээр шашны хувьд олон талт байсан Монголын эзэнт гүрэн өөр өөр шашин шүтлэг, уламжлалын элементүүдийг нэгтгэсэн тахилга шүтлэгийн хэлбэрүүдийг бий болгосон аж.
Барилгын хоёр үе шатны архитектурын өөр өөр уламжлал нь Эзэнт Гүрний улс төрийн хөгжлийн гэрч болж өгнө. Засаг захиргаа, улс төр, хот байгуулалтад Төв Азийн ард түмнүүдийн үзүүлэх нөлөө эхний үе шатанд арай илүү байсан бол Хубилай хаан төрийн эрхэнд гарч ирснээр Хятадын нөлөө-үгүйдээ гэхэд эзэнт гүрний зүүн хэсэгт нэмэгдсэн байна. Энэхүү хөгжил нь Хархорумын хойд хэсэгт оршиж асан сүм хийд байсан байж болзошгүй байсан барилгуудад ч бас тусгалаа олсон гэж үзэж болох юм. Хуучин барилга нь Төв Азийн хэлбэрийг илт баримталсан бол бол дараагийн залуу үеийн барилга нь хятад уран барилгын загварыг тод харуулж байна.