© M. Riemer / DAI

Цитадель

Хар балгасын сүмийн ба ордон хот нь археологийн гайхамшигтай дурсгал бөгөөд өнөө хүртэл хэн бүхний харааг булаасан хэвээр буй хоёр байгууламж энд байдаг. Шавар шороо дэлдэж хийсэн хүчирхэг хэрмээр хамгаалагдсан энэхүү цогцолбор нь Ордон хот буюу хотын төвийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Суварга болон Цитадель

Ялангуяа одоо суварга гэж нэрлэдэг, өнөө хүртэл үүрэг нь тодорхойгүй байгаа, баруун хагас дахь цамхаг маягийн байгууламж онцгой анхаарал татдаг.

Зүүн өмнөд буланд цитадель орших бөгөөд үүний хамт хэрмээр хүрээлэгдсэн уг цогцолбор нь хааны суудаг газар байсан бололтой. 10 гаруй метр өндөр, ойролцоогоор 60 х 70 метр хэмжээтэй, үелүүлэн дагтаршуулж хийсэн довжоон дээрх цитадель нь доторх хэсгээ гадны довтолгооноос хамгаалсан өндөр хана хэрэмтэй. Цитаделийн дотоод хэсэгт шатаар эсвэл налуу тавцан замаар нэвтэрдэг байсан бөгөөд цитаделийн дотор тал руу хоёр хаалгаар орж гардаг байжээ.

Сүрлэг сайхан цайзын цогцолбор

Дүгнэж хэлэхэд, Хар балгасын цитаделийг сүрлэг сайхан цайз байсан гэж төсөөлж болно: Хойд талын том хаалгаар орж, жигдрэн жагссан баганаар хүрээлэгдсэн хатуу хучилттай хүрээнд нэвтрэн орно. Тэндээс дараа нь хөх саарал өнгийн шаваасаар чимэглэсэн ханатай сүрлэг танхимд хүрдэг. Барилгын цогцолборыг бүхэлд нь уртай сайхан барьсан боловч эвдлэн сүйтгэсэн ул мөр, яваандаа элэгдэн нурсан байдал нь цитаделийг нэгэн цагт ширүүн тулааны талбар болж өнгөрснийг харуулдаг.

© M. Riemer / DAI

Каталог дахь Цитаделийн олдворууд

Цитаделийн хойд талын хаалга

Хойд талын хаалга нь онцгой хээнцэр байсан бөгөөд гол хаалга байсан болов уу. Дотоод хүрээнд сүндэрлүүлэн босгосон хүчирхэг хоёр хэрмэн ханаар хажуугийн жигүүрээс нь хашиж хамгаалсан байв. Хадгалагдан үлдсэн баганын байгууламжуудад үндэслэн тухайн үеийн бусад байгууламж, зураг дүрслэлүүдэд байдаг шиг хаалгыг өндөр цамхаг маягийн байгууламжаар давхар хамгаалсан байжээ гэж төсөөлж болно. Хаалгаар ороод хатуу хучилттай дотоод хүрээ рүү нэвтрэх бөгөөд задгай хүрээний эргэн тойронд буюу цайзын хэрмэн ханын дагуу барьсан барилгуудтай байжээ. Бороо цасны ус зайлуулах систем олдсоноос үзэхэд хүрээний гол төв хэсэг дэх энэ талбай дээвэргүй, задгай байсан аж.

Баруун талын хаалга

Баруун хаалга нь жижигхэн, энгийн хийцтэй байжээ. Шатны хэдэн гишгүүр, шавар хананд тулган барьсан хаалганы хацавчийнүлдэгдэл тэнд хадгалагдан үлдсэн байна. Энэхүү гарцыг мөн асар том хаалгаар хааж байсныг газар суулгасан хаалганы шонгийн үлдэгдлээс харж болно. Тэгээд цааш ороход модон ялуу дэвссэн зам 70 см өндөр тавцан руу хөтөлнө. Энд нэг урт байшин байсан нь ганц давхар л байсан байх.

Гол барилга

Гэвч цитаделийн гол барилга нь зүүн өмнөд буландаа байжээ. Эндээс бид 20х20 метр хэмжээтэй, цамхаг маягийн барилгын үлдэгдэл олсон. Барилгын дотор тал нь шавар шороо дэлдэж хийсэн модон бэхэлгээтэй хана ба гурван эгнээ баганын сууриудаар зааглан хуваагдсан байжээ. Гол тасалгаа нь нямбай урласан баганын сууриудтай, том бөгөөд бат бөх барилга байсныг илтгэх сүрлэг танхимаас бүрдэнэ. Нурангийн үлдэгдэл болон галд шатсан ул мөр нь цитадель хүчтэй гал түймэрт өртөж сүйдсэн болохыг харуулна. Түүнээс гадна асар их хэмжээний нуранги овоорч үлдсэнээс үзэхэд үндсэн барилга нь хэд хэдэн давхар байсан бололтой.

Сонирхолтой нь зузаан нурангийн дор булагдсан доод талын үе давхаргуудаас шалны үлдэгдэл илэрсэн. Тэндээс дайн тулалдаан болж байсны гэрч баримт болох сумны зэв, сөргөө зэрэг олдворууд олдсон. Цитаделийн хана гал түймэрт өртсөний дараа хэсэг хугацаанд байж байгаад, аажмаар элэгдэж муудсаар, эцэстээ нурж унасан байна.

Худгийн нээлт

Тэрчлэн энд цэвэр усны хангамжийг найдвартай шийдсэн байв. Бид цитадель дээрх дотоод хүрээнээс худгийн үлдэгдлийг олж илрүүлсэн бөгөөд тэр худгийг маш гүн ухсан, бүслэгдсэн үед ч цайзаа цэвэр усаар хангах чадвартай байжээ.