© H. Wittersheim / DAI

Хар балгасын суварга

Сүм хийд, ордон хотын хэрмийн дотор талд алсаас сүндэрлэн харагдах 13 метр орчим өндөр байгууламжийг суварга хэмээн үздэг бөгөөд тус хотын хамгийн өндөр байгууламж юм. Эдүгээ түүний орой дээр Буддын шашны өнгө өнгийн хадаг уясан модон шон байх бөгөөд айраг сүүний дээж өргөн хүндэтгэдэг байна.

Суварга гэж юу вэ?

“Суварга” хэмээх цамхаг маягийн байгууламжийг Буддын шашинд тахил мөргөлийн байгууламж болгон ашигладаг. Эдгээр нь ихэвчлэн дотоод орон зай, цонх, хаалгагүй, бэлгэдлийн шинж чанартай нүсэр том барилгууд байдаг. Барилгын тэнхлэг нь ертөнцийн зүг чигийн дагуу баригдсан байх бөгөөд тэгш хэмтэй тодорхой геометрийн дүрс бүхий байна. Суварга нь Энэтхэгээс Зүүн болон Зүүн өмнөд Ази даяар, Афганистан хүртэл өргөн тархжээ. Олон зууны туршид суварганы янз бүрийн хувилбарууд гарч ирсэн бөгөөд ариун шүтээний зүйл агуулах, дурсгалын хөшөө, өргөл өргөх гэсэн гурван үндсэн үүрэг нь өнөө хүртэл хадгалагдан ирсэн байна.

Суварганд хийсэн малтлага

Хар балгасын суваргыг барьсан арга барил, үйл ажиллагааны талаарх асуултуудыг нарийвчлан тодруулахын тулд бид 2019 онд барилгын бүтцийн хойд хэсэгт малтлага хийж эхэлсэн юм. Барилгыг ерөнхийдөө шавар шороо үелэн дэлдэж байгуулсан нь тодорхой мэдэгдэж байсан агаад суурь хэсгийн орчим дахь нурж хуримтлагдсан хөрсөн дороос өнгөлгөөний ханын үлдэгдэл олдох магадлалтай байв. Малтлагын явцад дээд талын үе давхаргуудаас шатаасан тоосгоны үлдэгдэл асар олон тоогоор илрэн олдсон нь нүсэр том байгууламж олон зууныг дамжин нурсаар байсныг илтгэнэ. Энэхүү нурангийн давхарга дор нүүрсний өндөр агууламж бүхий хэдхэн сантиметр зузаантай шатсан үе давхрага хадгалагдан үлдсэн нь Хар балгасыг эвдлэн сүйтгэсэн цаг үеийнх бололтой.

Шатаасан тоосгон хананы үлдэгдэл

Цар тахлын улмаас хоёр жил малтлагаа завсарласны эцэст 2022 онд сая үргэлжлүүлэх боломжтой болсон бөгөөд ердөө гурван долоо хоногийн дотор 8 метр өргөнтэй, өргөн цар хүрээг хамарсан барилгын гадар хананы бүрэн бүтэн хадгалагдсан үлдэгдэл гарахад бид маш их баярлаж байлаа. Ойролцоогоор 3 м өндөр хадгалагдсан хана нь гадна талдаа тэгш бөгөөд нэг түвшинд байрлуулсан байрлуулсан хоёр, гурван давхар тоосгоор өрсөн, сууриараа өргөн, дээшээгээ нарийсан шаталсан налуу хэлбэртэй. Хананд буй зарим хөндий нүхэнд анх хэрэглэж байсан модон дам нуруу, банзны үлдэгдэл хадгалагдан үлдсэн агаад тэдгээрээс археоботаникийн шинжилгээ, С14 судалгаанд зориулж дээж авсан болно. Холбогч материалын хувьд арван есдүгээр давхаргаас эхлэн таван тоосгоны давхарлиг тутам шохойн шавар зуурмагаар 2 см хүртэл зузаантай, жигд бус зайтай шавсан бол бусад давхаргыг зүгээр шавраар шавардсан байлаа.

Бусад барилга байгууламж

Ханын урд талын малтлагын талбайгаас барилгын нүх ухмалуудын ул мөрөөс гадна энэ байршилд өөр барилга байгууламж байсныг илтгэсэн янз бүрийн олдворын цогц байдал илэрсэн. Модны үлдэгдэл, шатсан модны нүүрс болон дээр дурдсан дээврийн тоосгоны хавтангуудын үлдэгдэл нь энд гал түймрийн улмаас сүйрсэн, дээвэр бүхий модон байгууламж байсныг харуулж байна. Эдгээрийн дотор Тангийн үеийн цэцгэн хээ чимэглэл бүхий дээврийн нүүр ваарны хэлтэрхий байх бөгөөд өнөөг хүртэл судалгаа хийсэн хотын бүх талбайгаас олдсон билээ.

Ийнхүү суварганы бүтцийн талаарх анхны мэдээллийг олж авсан хэдий ч, аль шашны зан үйлтэй холбоотой байсан, хэрхэн яаж ашиглаж байсан зэрэг нь тодорхойгүй хэвээр байна. Ямартай ч уг суварга нь хотын байгууламжтай ижил нэгэн цаг үед баригдсан бөгөөд хожим байгуулсан эд биш гэдэг нь тодорхой юм.