Хамтын ажиллагаа ба санхүүгийн дэмжлэг
Орхоны хөндий дэх Монгол-Германы археологийн судалгаа нь Монголын ба Германы хүрээлэнгүүдийн нягт хамтын ажиллагаагаар хийгдэж байдаг. „Виртуал музей“ нь энэхүү хамтын ажиллагааны үр дүн билээ. Хамтын ажиллагааны бүх л төслүүдийн адилаар „Виртуал музей“ нь мөн адил төрөл бүрийн хүрээлэнгүүд болон дэмжигчдийн санхүүгийн дэмжлэггүйгээр төсөөлөх аргагүй юм.
ШУА – Шинжлэх Ухааны Академи
МУИС – Монгол Улсын Их Сургууль
МУИС нь 1942 оны 10 дугаар сарын 5-нд БНМАУ-ын анхны их сургууль болон байгуулагдаж, 1960-аад оны эхэн үе хүртэл бараг бүх багшлах боловсон хүчин эндээс төрөн гарчээ. Анх маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улсын их сургууль гэж нэрлэгдэж байсан. 1942-43 оны хичээлийн жилд элссэн оюутны тоо 90 байсан бол 20 жилийн дараа энэ тоо 2200 болжээ.
Эхэн үедээ боловсрол, мал эмнэлгийн мэргэжил, дараа нь анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгалийн ухаан, гадаад хэл, монгол судлалын салбартай болжээ. Монгол Улсын Их Сургуулийн зарим факультетууд ХААИС (1958), АШУҮИС (1961), ШУТИС (1982) зэрэг бие даасан их сургууль болж хөгжсөн. МУИС өдгөө 10 мянга гаруй оюутантай. Улаанбаатар хотын төв кампусаас гадна Завхан, Ховд, Дорнод аймагт салбар сургуультай.
1995 оны 11 дүгээр сарын 20-нд МУИС-д Археологи, антропологийн тэнхим байгуулагджээ. Археологийн олон шинэ олдвор, эрдэм шинжилгээний бүтээлүүд, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд МУИС-ийн энэ тэнхим Монголын археологид хувь нэмрээ оруулсаар ирсэн.
2014 онд Улаанбаатар хотноо ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч профессор, доктор Ф.Флесс хүрэлцэн ирж МУИС-тай хамтран археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрээр 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы Хархорум Экспедиц (MDKE) болон 2007 онд эхэлсэн Монгол-Германы Орхон Экспедицийн (MONDOrEX) үйл ажиллагаанд МУИС-ийг албан ёсны хамтрагч талаар баталгаажуулсан юм.
Германы Археологийн хүрээлэн (DAI)
Германы Археологийн хүрээлэн (DAI) нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны судалгааны байгууллага юм. 1829 онд Ром хотноо “Instituto dicorrispondenza archeologica” гэх нэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо Холбооны олон нийтийн хуулийн дагуу Берлинд төв байртай, ХБНГУ-ын Гадаад хэргийн яаманд харьяалагддаг. Дэлхийн 20 гаруй оронд ажилладаг, 350 гаруй ажилтантай бөгөөд археологийн малтлага, эртний түүх, соёлын өвийн чиглэлээр судалгаа явуулдаг байна.
Европын бус соёлуудын археологийн комисс (KAAK) нь 1979 онд Ерөнхий болон харьцуулсан археологийн комисс (KAVA) нэртэйгээр Германы Археологийн хүрээлэнгийн (DAI) бие даасан судалгааны нэгж хэлбэрээр байгуулагдсан. Энэхүү шинэ байгууллага нь Европоос гадуурх болон Ойрхи, Дундад Дорнодын археологийн судалгаанд зориулагдсан болно. Өөрөөр хэлбэл, KAAK нь бусад салбар хэлтсүүдийн анхаарал хандуулдаггүй дэлхийн бүс нутгийн археологийн судалгааг хариуцдаг. Тиймээс тус комиссийн судалгаа нь бас Өмнөд ба Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк, Далайн орнууд, Африкт төвлөрөн явагддаг байна.
2007 онд Монголын Шинжлэх Ухааны Академийн санал болгосноор Улаанбаатар хотод тус комиссын судалгааны төв нээгдэж, эрдэмтэн судлаачдыг Монгол Улсад судалгааны ажлаар ирж ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлж байна. Тус хүрээлэнгээс Монгол болон олон улсын хамтын ажиллагааны бусад түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлсэн төсөлд Монголын эртний нийслэл Хархорум хотын “Ордны дүүрэг” хэмээгчид хийсэн малтлага, 2006 оны зун Монгол Алтайд Пазырыкийн соёлын цэвдэгт булш (Олон гүүрийн гол) малтсан, 2007 оноос Орхоны хөндийд эртний Уйгурын нийслэл Хар балгаст хийж буй судалгааны ажлууд багтана.
Хархорум музей
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 241-р тогтоолоор Хархорум хотын турийн хамгаалалтын бүсийг 9,69 км2 байхаар баталсан. 2004 онд ЮНЕСКО Хархорум хотын турийг багтаасан “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг Дэлхийн өвд бүртгэн авчээ.
Монгол Улсын Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор, Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, тэр дундаа Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг бүхий Хархорум музейг эртний нийслэл оршин байсан газар барьж байгуулах шийдвэр гаргасан юм.
Японы Засгийн газрын Соёлын өвийн буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам “Хархорум музей байгуулах” төслийг санаачлан боловсруулж, Японы талд хүсэлтээ хүргүүлсний дараа хоёр талын олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд 2009 оны 6 дугаар сарын 12-нд музейн барилгын шавыг тавьж 2011 оны 6 дугаар сарын 14-нд Хархорум музей олон нийтэд үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Хархорум музей нь үндсэн чиглэл, үзэл баримтлалынхаа хүрээнд Орхоны хөндий Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын дурсгалт зүйлсийг нээн илрүүлэх, судлан сурталчлах, сан хөмрөгөө баяжуулах, үзмэрийг бүртгэн баримтжуулах, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүллэг дэглэх, үйлчлэх, гадаад дотоодод үзэсгэлэн зохион байгуулах, боловсрол танин мэдэхүйн ажил, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх түгээх, дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохион байгуулах үйл ажиллагааг 31 хүний бүрэлдхүүнтэй явуулж байна.
Дрезден хотын техник эдийн засгийн дээд сургууль
“Дрездений техник, эдийн засгийн дээд сургууль ДТААДС нь 1992 онд байгуулагдсан бөгөөд инженер/аж ахуйн сургалт ба судалгааны онцгой туршлагатай, мөн урлагийн чадамжтай. Практикт чиглэсэн, хэрэглээнд чиглэсэн судалгаатай хосолсон сургалтын хөтөлбөрүүдийн өргөн сонголттой, орон нутагт суурилсан, олон улсад чиглэсэн дээд сургууль. […] ДТААДС дээр сургалт болон судалгааны нэгдмэл байдлыг, мөн идэвхтэй судалгааны үр дүнгээс олсон мэдлэгийг цааш дамжуулахыг эрмэлздэг. […]” (ДТААДС-ийн эрхэм зорилгоос)
ДТААДС нь 2018 оноос эхлэн Монгол-Германы Орхон экспедицийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. ДТААДС нь төслийн ажилд Мэдээллийн техник болон Гео мэдээллийн мэдлэг туршлагаасаа хуваалцан хамтарч байна. Хамтын ажлын хүрээнд Археологи дахь компьютер ба гео шинжлэх ухаан гэсэн салбар дамнасан мастер сургалтын хөтөлбөр хөгжүүлж Монгол ба Германд мэргэжил дээшлүүлэх сургалтууд болон экскурсүүд зохион байгуулсан. Ийнхүү ДТААДС-ийн ажилчид болон оюутнуудын судалгааны ажлууд, ялангуяа экскурсын үеээр хийгдсэн болон экскурсын хаалт болгож хийсэн төслийн ажлууд нь энэ вэбсайтыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан болно.