Хар балгасын түүх

Орду-Балик буюу Хар балгас нь нийтийн тооллын 744-840 онд Төв Азид оршин тогтножбайсан Уйгурын хаант улсын нийслэл байв. Одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт, Орхонголын эрэг дээр орших энэ хот нь бүс нутгийн хамгийн чухал археологийн дурсгалт газрыннэг юм. Түүний намтар түүх Уйгурын эзэнт гүрний улс төр, соёл, эдийн засгийн хөгжинцэцэглэж байсан цаг үеийг тусган харуулдаг.

Хотыг үндэслэн байгуулсан нь

Анхандаа VI-VII зуунд Монголын Орхоны хөндийг захирч байсан Хөх түрэгүүдийн албат харьяат явсан Уйгурууд эрх мэдлээ олж авах олон удаагийн амжилтгүй оролдлого хийсний эцэст VIII зууны дунд үед ноёрхогч ургийн эрх мэдлийг булаан авч 745 онд Уйгурын эзэнт гүрнийг шинэ нийслэл Хар балгасын хамт байгуулав. Уйгурууд бол есөн овгоос бүрдсэн түрэг овог аймгуудын холбоо байсан бөгөөд эрх мэдлийг тогтоох явцад нэгдэж, энэхүү шинэ эв нэгдлээрээ Төв Азийн тал хээрийн бүс нутагт агуу их хүчийг олж мандсан юм. Нэгдсэн Уйгуруудын анхны хаан нь Кутлуг Күл Билгэ байсан бөгөөд тэрбээр төр улсаа байгуулж, нийслэл Хар балгас хотыг байгуулснаар эрх мэдлээ баталгаажуулж,Уйгурын анхны эзэнт гүрний үндэс суурийг тавьсан байна.

Байр зүй ба түүх

Хотоос өнөөг хүртэл олон тооны үлдэгдэл хадгалагдан үлдсэн бөгөөд газрын хөрсөн дээр мэдэгдэж байдаг. Түүхийн эх сурвалжуудад уг хотын намтар түүх, хөгжлийн талаар маш бага бичигдсэн тул археологийн судалгаа нь хотыг судлах хамгийн оновчтой арга юм. Уг хот ердөө 100 орчим жил оршин тогтноод 840 онд Киргисийн довтолгоонд өртөн мөхсөн гэдэг. Уйгурууд хөөгдөж, тал нутаг дахь газар нутгаа орхиж, Дорнод Туркестан дахь Турфаны баянбүрд болон Ганьсу мужийн нутагт жижиг вант улсыг байгуулжээ.

Хятадын Тан улс болон Согдуудтай харилцах харилцаа

Өмнөх эзэнт гүрнүүдтэй харьцуулахад Уйгурын эзэнт гүрэн газар нутгийн хувьд жижиг байсан ч Хятадаас алба гувчуур, худалдааны онцгой эрх гаргуулан авахдаа илүү амжилттай байсан. Уйгурууд зөвхөн дээрэм тонуул, алба гувчуур авахад найдсангүй, харин Ан Лушаний бослогыг дарах зэргээр Хятадын цэргийн холбоотон болж, улмаар Тан гүрний хувьд орлуулашгүй түшиг тулгуур нь болж байжээ. Үүнийхээ хариуд тэд жил бүр 100,000, сүүлдээ бүр 500,000 толгой торго гэх мэт асар их үнэт тансаг бараа авдаг байв. Энэхүү их баялгаараа Уйгурууд Төв Азийн Согд түмний худалдааны сүлжээний тусламжтайгаар Торгоны замын худалдаанд чухал зуучлагч болж чаджээ. Уйгурын хаан Манихейн шашныг хүлээн авч, согд бичгийг нэвтрүүлсэн нь Согдууд хотын өдөр тутмын амьдралд нөлөө бүхий байр суурь эзэлж байсныг харуулдаг. Хар балгасын гурван хэлний бичээстэй алдартай хөшөө ч үүний нотолгоо юм.

Засаг захиргаа, худалдааны төв

Хот нь засаг захиргаа, худалдааны төв байсан бөгөөд Уйгуруудын улс төр, соёлын амьдралд гол үүрэг гүйцэтгэсэн. Орду-Балык хэмээх нэр нь шууд утгаараа “Ордон хот” эсвэл “Цэргийн хот” гэсэн утгатай бөгөөд хааны оршин суух өргөө, цэрэг захиргааны төвийн үүрэг гүйцэтгэж байв.

Хар балгас нь 44 хавтгай ам дөрвөлжин километр талбайг эзэлдэг бөгөөд зарим нь хэрмээр хүрээлэгдсэн, янз бүрийн хэсэгт хуваагдаж байжээ. Түүний дотор ганган хээнцэр орд харш, сүм дугана, иргэдийн суух дүүрэг хороолол, гар урлалын газар зэрэг багтаж байв. Хар балгас нь Торгоны замын хойд чиглэлийн худалдааны чухал төв байлаа. Хотод Хятад, Согд, Араб зэрэг Азийн янз бүрийн хэсгээс худалдаачид ирдэг байв. Энэхүү олон соёлын худалдаа харилцаа нь хотын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, соёлын солилцооны чухал зангилаа газар болгосон байна. Зоос, керамик, нэхмэл эдлэл зэрэг археологийн олдворууд нь тус хотын худалдаа арилжааны цар хүрээ өргөн байсныг гэрчлэх бөгөөд баян чинээлэг хот байсныг харуулдаг.

Нийслэл Хар балгас ба түүний гэнэтийн төгсгөл

Хар балгас нь Уйгурын хаант улсын нийслэл байсан тул эзэнт гүрний улс төрийн голт зүрх болж байв. Хаадууд энд хэсэг хугацаагаар оршин сууж, эндээс өргөн уудам газар нутгаа захирч байжээ. Хот нь мөн боловсрол, соёлын төв байсан. Уйгурууд бичгийн соёлоороо алдартай бөгөөд олон төрлийн бичээс, гар бичмэл, уран зохиолын бүтээлүүдийг үлдээжээ.

Хар балгасын оргил үе НТ 840 онд Уйгурын хаант улс Киргисийн довтолгоонд өртөн мөхсөнөөр гэнэт дуусчээ. Хотыг тонон дээрэмдэж, галдан шатаасан бөгөөд Уйгурууд баруун тийш ухрахаас өөр аргагүй болсон байдаг.