© / DAI

Орхоны хөндий

Орхоны хөндий нь дэлхийн хүн төрөлхтний түүхэнд оруулсан түүхэн ач холбогдол, нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий нутийн хувьд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Олон мянган жилийн турш нүүдэлчдийн өлгий нутаг байсаар ирснээс гадна Евразийн түүхэнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн агуу их гүрнүүдийн үе үеийн төв байсаар ирсэн.

Өвөрмөц соёлын ландшафт

Энд Хар балгас, Хархорум зэрэг тухайн цаг үеийн, олон улсын чухал хотууд оршин тогтнож байсан.
Монгол, Германы эрдэмтэд 20 гаруй жилийн өмнөөс энэхүү түүхэн соёлт газрын түүхийг судалж, гарсан судалгааныхаа үр дүнг олон нийтэд хүргэхээр хамтран ажиллаж байна.

Орхоны хөндийн байгалийн нэгэн мөч

Байгалийн нөхцөл байдал

Хархорум ба Орхоны хөндий нь өнөөгийн Монгол улсын төв хэсэгт Хангайн нурууны захад оршдог. Орхоны хөндий нь геологийн хувьд олон янз байдалтай. Барагцаалбал 570-225 сая жилийн өмнө Палеозойн эринд тектоник үйл явцын улмаас чулуулгууд хагарч, өргөгдөн уулс болж, атираажсан байна. Плейстоценид буюу мөстлөгийн үед уулсын дундуурх мөсөн царцдас хийгээд мөсөн гол хайлснаас мөн галт уулын нөлөөгөөр байгалийн байдал нь улам бүр тогтворжсон. Ялангуяа Орхоны хөндийн дээд хэсэгт хар хүрмэн чулуу бүхий сүрлэг тогцоц, давхраадас харагдах нь чухам энэ үе шаттай холбоотой. Тэрчлэн Хархорум (Кара-Корум) хэмээх энэ нэр нь эртний турэг, монгол хэлний “qar” – хар болон “qorum” – хад, асга, нуранги, чулуу гэсэн үгсээс гаралтай бололтой. Мөстлөгийн үе дууссанаас хойш ландшафт буюу байгалийн байдал нь цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, элементүүдээс үүдсэн элэгдэл зэргээс шалтгаалан бүрэлдэн тогтсон.

Сүүлийн 11.500 орчим жилийн хугацаанд өргөн уудам ой мод бүхий чийглэг уур амьсгалтай болон тал хээрийн талбай нь тэлсэн хуурай үе шатууд ээлжлэн солигдож байжээ.

Орхоны хөндий

Энэхүү газар нутгаар Орхон болон түүний цутгал голууд угалзлан, тахирлаж урсахдаа гольдролоо байн байн өөрчилж байсан бөгөөд энэ тухай материалууд уулсын дээд хэсгүүдэд хуримтлагдсан байдаг. Ийнхүү цаг хугацааны явцад Хархорумын ойр орчимд хөдөө аж ахуй, газар тариаланд амжилттай ашиглаж болох дээд зэргийн үржил шимтэй хөрс бүрэлдэн тогтсон бөгөөд үүнийг өнөө ч ашиглаж байгаа юм. Монголын эзэнт гүрний үед буюу 13-р зуунд Хархорум орчмын байгалийн байдал өнөөгийнхөөсөө уур амьсгалын хувьд хамаагүй илүү чийглэг, хавьгүй их ой модтой байсан болов уу. Орхоны хөндийд хайлаас, бургас модтой төгөл шугуй бий. Түүнчлэн Хангайн уулынхаа өндөрлөг хэсгээр өнөөгийнхөөс илүү нягт шинэсэн ой байсан байж магадгүй юм. Хот барьж байгуулах, түүнтэй холбоотой үүсч гарсан барилгын материал, түлшний асар их хэрэгцээ нь бүр тэр үеэс ойн талбайг асар ихээр багасахад хүргэжээ.

Үндсэн шаардлага

Мөн Орхоны хөндийн үржил шимтэй хөрс, өн шимлэг, арвин бэлчээр нь Эзэнт гүрний төвийг чухамхүү энд байгуулах шийдвэрийг гаргахад нөлөөлсөн нь гарцаагүй. Өргөн цэлгэр хөндийд олон сүрэг малыг цуглуулан адуулахад хүрэлцээтэй, хангалттай бэлчээр, ус байв. Энэ нь нүүдэлчдийн эзэнт гүрэнд язгууртан ноёдын хурилдай, их чуулган хийх, эсвэл аян дайны бэлтгэл хангах зэрэг улс төрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад зайлшгүй хэрэгтэй үндсэн шаардлагуудын нэгийг хангаж байв. Түүнчлэн үржил шимтэй бэлчээр нь хотын хүн амыг мах, өөх тосоор байнга хангаж байв. Модны насжилтын цагирагийн мэдээллийг судалж үзэхэд, ялангуяа Монголын эзэнт гүрэн өргөжин тэлж, Хархорум хот байгуулагдсан цаг үе нь цаг агаарын харьцангуй дулаан нөхцөлд, хур бороо, тунадас ихтэй үе байсан нь тухайн бүс нутгийн бэлчээрийн үр шимийг нэмэгдүүлж, улмаар хот байгуулах хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Хүн анх нутаглан сууснаас Төмрийн үе болтол

Гэсэн хэдий ч дэлхийн түүхт энэхүү газрын түүх зөвхөн 1220 оноос эхэлсэн хэрэг биш билээ. Өргөн уудам Орхоны хөндийн сонголт монголчуудын нийслэл болон сонгогдохоос өмнөх олон мянган жилийн тэртээгээс улбаатай, өвөг түүхтэй холбогдоно. Бүр хуучин чулуун зэвсгийн үеийн анчид энэ хөндийд хэдийнээ очсон байжээ. Эрдэнэ зуу хийдээс баруун хойд зүгт, ердөө дөрөвхөн километрийн зайд орших голын дэнж дээр, хөндий рүү орох үүдний дэргэд чулуун зэвсгийн гайхалтай олдворуудтай “Мойлтын ам”-ны дурсгалт газар бий. Уулын бэлээр халхлагдсан боловч энэ газраас Орхоны өргөн хөндийг харж болно. Энэхүү тааламжтай байршлын зэрэгцээ бас өндөр чанарын чулуун түүхий эд материалын олдоц нь энэ газрыг олон мянган жилийн хүн дахин дахин ирж, нутаглан суурьшихад хүргэжээ. 1949 оны үед эндээс Монгол-Зөвлөлтийн шинжилгээний анги янз бүрийн эрин үеийн чулуун зэвсэг, багажуудыг олж илрүүлсэн байна. 1960-1965 онд хуучин чулуун зэвсгийн дээд үе (барагцаалбал МЭӨ 40.000-15.000) болон дундад (барагцаалбал МЭӨ 15.000-8.000) ба шинэ чулуун зэвсгийн (барагцаалбал 8.000-аас 3.000 он) үед холбогдох олон мянган чулуун зэвсэг олдсоны дотор сүх, хутга, шөвөг, хусуур, сумны зэв байжээ. Тоо томшгүй чулуун цуулдас нь эдгээр багаж зэвсгийг энэ газар үйлдвэрлэж байсныг гэрчилдэг. Голын өөдөө жаахан өгсөөд 1986 онд Монгол-Зөвлөлтийн экспедицийн археологичдын олж илрүүлсэн, Орхон-7 гэдэг нэрээр алдаршсан, хуучин чулуун зэвсгийн дунд болон дээд үеийн өөр нэгэн дурсгалт газар бий. Малтсан үе давхаргуудаас гарсан ургамлын үлдэгдлийг судалж үзэхэд, тухайн үед бүс нутгийн уур амьсгал илүү чийглэг, зөөлөн байсан агаад уг хөндийгөөр тун олон төрлийн өвс ургамал, навчит ой мод байжээ. 2018 оноос уг газар Монгол-Оросын шинжилгээний анги судалгаа хийж байна.

Хожуу хүрлийн үе (МЭӨ 1.400-750 он) ба түрүү төмрийн үеэс (МЭӨ 750 – 250 он) өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан хүмүүс нүүдлийн эдийн засгийн хэвшилтэй болов. Тэд мал маллаж, ан гөрөө хийж аж төрдөг байсан бөгөөд бас арилжаа наймаа, мэргэшсэн гар урлалтай байжээ. Тал хээр нутгийн өгч чадах нөөц баялгийг үр дүнтэй ашиглахын тулд хүмүүс холыг замыг туулах шаардлагатай байв. Байгалийн баялгийг хурдан шавхахаас сэргийлэхийн тулд мал сүргээ тогтмол соргог өвстэй бэлчээр, тохиромжтой усны эх булгаар маллаж шаардлагатай байв. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн төрөлхтний түүхэн дэх магадгүй хамгийн чухал ач холбогдолтой шинэлэг нэгэн зүйл тусалсан нь морь унах явдал байв. Морь унаж, эдлэх болсон нь хүмүүсийг хөдөлгөөнтэй болгож, бэлчээрийн аж ахуйг эрхлэх цоо шинэ арга замыг олгоод зогсохгүй, ан агнуурын шинэ арга техник, алс холын зайд харилцах боломжийг нээж өгчээ. Ийнхүү өнөөдөр ч Монгол улсад зарим хэсэг нь оршсоор байгаа бэлчээрийн мал аж ахуй буюу морьтон нүүдэлчдийн соёл үүссэн байна.

Булш оршуулгын цогцолбор дурсгал

Орхоны хөндийн дагуух олон дурсгал нь одоо ч Монгол дахь эртний нүүдэлчдийн цаг үеийн гэрч баримт болсоор байна. Ялангуяа Орхоны дээд урсгал өөд асар олон булш, буган хөшөө болон хүрэл, төмрийн бусад дурсгалууд бий.

Тухайлбал, энд “Хиригсүүр” маш их байдаг. Эдгээр нь ихэвчлэн голдоо чулуун овоолготой, түүнийг тойруулан дугуй эсвэл дөрвөлжин хүрээ тойруулсан аварга том булшны байгууламж юм. Түүнчлэн бусад дагалдах байгууламжууд, жишээлбэл жижиг дугуй чулуун өрлөгүүд үүнд хамаарна. Энэ чулуун өрлөгүүдийн дороос ихэвчлэн малын яс бас хүрэл эдлэл гэх мэт зүйл олддог, тиймээс тахил өргөх зорилгоор байгуулсан гэж зарим археологчид тайлбарладаг. Зарим томоохон хиригсүүрийг тойрон хэдэн зуун ийм жижиг чулуун байгууламж байдаг. Эдгээр байгууламж нь хүрлийн үеийн нийгэмд гүн гүнзгий өөрчлөлт гарсны гэрч баримт болно: Ийм алдартай булшны байгууламжууд эртний эрин үед ховор байсан. Тэднийг барьж байгуулах ажилд асар их хүч хөдөлмөрийг зарцуулсан бөгөөд зарим нь удаан хугацааны туршид, магадгүй хэдэн зууны туршид тахиж шүтэгдсээр ирсэн нь энэ үед нийгэм улам бүр эрэмбэ зэрэгт ялгаран хуваагдаж, хувь хүмүүс асар их эрх мэдэл, нэр хүндийг хуралдуулах болсныг харуулж байна.

Буган чулуу

Хожуу хүрэл ба төмрийн түрүү үеийн дурсгалын бас нэгэн гайхамшигтай хэлбэр бол буган чулуу хэмээгч юм. Энэ нь хүн буюу дайчин баатрыг төлөөлүүлэн, урнаар загварчлан дүрсэлж босгосон чулуун хөшөөд юм. Толгой, их бие, зэр зэвсэг агссан бүс сэлтийн нарийн ширийн зүйлийг ихэвчлэн хийсвэр байдлаар дүрсэлсэн байдаг. Гэхдээ хамгийн онцлог шинж чанар нь их биеийн хэсэгт гол төлөв дээшээ ташуулдаж харайж буйгаар дүрсэлсэн цувраа бугын загварчилсан дүрсүүд юм. Эдгээр чулууны зориулалт яг тодорхой бус. Бугын чулуунуудын дэргэдэх жижиг нүх, чулуун байгууламжаас дандаа л тахилын зүйлс олддог. Эдгээр нь баатар дайчин эрсийг төлөөлүүлэн дүрсэлсэн нь ойлгомжтой тул тахилын онгоны чулуу эсвэл сахиул хамгаалагчдын дүр байж болох юм. Энэ төрлийн хөшөө дурсгалууд Монголоос Шинжаан, Казахстанаар дамжин Хар тэнгисийн нутаг хүртэлх газар зүйн өргөн уудам бүсэд тархсан байна. Ингэснээр энэ дурсгалууд нь морьтон нүүдэлчид бүр МЭӨ 1.000 жил гэхэд асар өргөн хүрээтэй соёлын солилцоо өргөжүүлж байсны нотолгоо болж өгдөг. Орхоны эхэн урсгалын өөд “Тэмээн чулуу” зэрэг дурсгалт газраас зарим жишээг харж болно.

Дөрвөлжин булш

Эртний морьтон нүүдэлчдийн үлдээсэн гуравдахь өвөрмөц өв дурсгал бол дөрвөлжин булшнууд билээ. Дөрвөлжин булш нь чулууг босоогоор нь хавиргалан зоож, дөрвөлжин хэлбэртэй хашлага үйлдээд, дотор нь чулуугаар нягт дарж хийсэн дараастай байдаг. Хажуугийн урт нь жижиг булшинд хоёроос гурван метр орчим, том булшны мөн арав гаруй метр хүртэл жишээг харж болно.
Энэ үеийн дурсгалууд нь бэлчээрийн мал аж ахуйт нүүдэлчдийн хөгжил, төмөрлөг боловсруулалт нэвтрэхийг дагалдан гарсан нийгмийн тэгш бус байдлын гэрч баримт болно. Энэхүү сэтгэл хөдөлгөм эрин үеийн ул мөрийг Хархорумын эргэн тойрон дахь газар бүрийн нутгаас олж нээх боломжтой. Хүрлийн үеийн булшны цогцолборууд Орхоны дээд хэсэгт, ялангуяа Хужирт, Бат-Өлзий сумдад нягтрал ихтэй байдаг. Тэрчлэн Орхоны хөндийн дунд хэсэгт, Хотонт орох зам хажуугаар хэрэв сайн ажиглавал энэ үеийн чулуун овоолгот булшнууд цөөнгүй байгааг харж болно.

Орхоны хөндий нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн голт зүрх болох нь

Монголын тал нутгийн морьтон нүүдэлчдийн байгуулсан, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны эзэнт гүрэн бол Азийн Хүннүчүүд буюу Хүннүгийн эзэнт гүрэн юм. Хүннү нар өөрсдөө бичгээр тэмдэглэл үлдээсэнгүй. Өнөөдөр тэдний талаар бидний мэдэж буй зүйлийн ихэнх нь Хятадын түүх судлаачдын бичээсээс олж авсан мэдлэг билээ. Тэр үед анх удаа Хан гүрний дор нэгдсэн улс болоод байсан Хятад улс Хүннү гүрэнтэй нягт бөгөөд олон талт харилцаа тогтоожээ. Нэг талаас тал нутгийн ард түмнүүд нь – хятадуудын хувьд умардаас үслэг эдлэл мэтийн үнэт тансаг бараа олж авахад нь худалдааны чухал түншүүд байсан агаад тэд бас хүчирхэг морин цэрэг байгуулахад хэрэгцээтэй агт морьдыг нийлүүлж, оронд нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ба торго мэтийн тансаг эд барааг Хятадаас худалдан авдаг байв. Нөгөөтэйгүүр тэд хилийн ойролцоох цэрэг анги болон хотуудыг нь байн байн довтлох зэргээр хариугаа авдаг байсан нь цэрэг дайны ноцтой аюул занал болж байв. Хэдий тооны хувьд цөөхөн байсан ч тал нутгийн морьтнууд Хятадын нүсэр том явган цэргийн бүрэлдэхүүнд аюултай өрсөлдөгч болж байв. Тэгж яривал тэд багаасаа морь унаж, нум сум агсаад ан хийхэд боловсорсон гарамгайчууд байв. Тактикийн энэхүү илт давуу байдал нь Хүннү улсын эзэн Шаньюйд, хэсэг хугацаанд Хань гүрнийг өөрийнхөө жинхэнэ албат хараат мэт байдалд оруулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Энэхүү эрчимтэй харилцаа нь Хятад судлаачдыг өөрийнхөө хөрш “Умардын бүдүүлгүүд”-ийг судлахад хүргэжээ. Хүннү нарын талаарх хамгийн чухал хятад сурвалж бол Сыма Цяны “Шижи” болно. Энэхүү түүхэн тэмдэглэл нь зөвхөн Хүннүгийн түүх төдийгүй, тэдний зан заншил, ёс уламжлал, ахуй амьдралын хэв маяг, байлдах чадварын тухай мэдээллүүдийг агуулдаг. Түүний тэмдэглэл нь талын нүүдэлчдийг суурьшмал соёлын үүднээс харсан хэвшмэл үзлийн үүднээс бичигдсэн байдаг.

Logo Orchontal

“Тэдний мал голдуу адуу, үхэр, хонь байдаг. […] Тэд өвс, ус эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэг. Хэрэмт хот байхгүй, байнга суурин суух газар гэж үгүй, тариалангийн ажил эрхэлдэггүй болов ч тус бүр хувь газартай.”

Эртний нүүдэлчдийн эзэнт гүрэн

Хүннүгийн гүрэн МЭӨ 209-өөс 93 оны орчим оршин тогтнож байсан. Хүннү гүрэн мөхсөний дараа 2-3 дугаар зуунд Сяньби, 4-6-р зуунд Жоужань (Роуран) мэтийн хүчирхэг гүрнүүд ээлж дараалан тал нутгийг захирч байлаа. Орхоны хөндийн ландшафт, байгаль, цаг уур эдгээр эртний нүүдэлчин улсын хувьд яг ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг бид мэдэхгүй.

Австрийн хятад судлаач Артур фон Ростхорн бээр 1924 оны нэгэн өгүүлэлдээ, нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн орогнох нутаг орон бөгөөд хүчин чадлын төв нь Хангай болон Саяаны нурууны хоорондох бүс нутагт, Орхон, Туул голын савд оршиж байсан хэмээх үзлийг гаргажээ. Тэрбээр энэ ойлголтыг тухайн бүс нутагт явуулсан аян дайны талаарх Хятадын мэдээ, тэмдэглэлүүдээс олж авсан байна. Хүннү нарыг бут цохихыг хүсч байсан Хятадын жанжид яг энэ бүс нутаг руу довтолдог байжээ. Тиймээс Хүннүгийн тэргүүлэгчийн гол орд өргөө энд байх учиртай ажээ.

Эртний Түрэгүүдийн эзэнт гүрэн

Орхоны хөндийн газар нутгийн онцгой ач холбогдлын талаарх баттай мэдээ баримтууд нь анх түрүүн дундад зууны эхэн үеэс буюу 6-р зууны дунд үест Ашина овгийн захирагчийнхаа жолоодлого дор одоогийн Монгол улсын нутагт оршин тогтнож байсан эртний Түрэгүүдийн буюу Хөх Түрэгийн эзэнт гүрний үеэс уламжлан ирсэн байна. Түрэгийн хаант улс Зүүн, Баруун хоёр хэсэг болж хуваагдсаны дараа, ялангуяа Дорнод Түрэгийн эзэнт гүрэн улс төрийн ноёрхлыг олж авав. Түүний төв нь “Өтүкэн” буюу Хангайн нурууны ойролцоох бүс байсан бөгөөд энэ газрыг шашин, нийгмийн онцгой ач холбогдолтой хэмээн тооцдог байжээ. 7-р зууны дунд үеэс улс төрийн янз бүрийн үймээн самууны улмаас Түрэгийн анхдугаар хаант улс нь Хятадын төрийн эрхшээлд орсны дараа 7-р зууны төгсгөлд Ашина овгийн захирагч Кутлуг Хятадаас дахин салж чадсанаар хуучин хил хязгаарынхаа дотор Туркийн хоёр дугаар хаант улсыг байгуулж чаджээ. Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрний үеийн гэрч болох олон тооны хүн чулуун хөшөөд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн юм.

8-р зууны дунд үед Куль-Тегин, Билгэ хаан нарын засаглал дор эцсийн удаа хүчирхэгжсэний эцэст дотоодын ялзрал доройтол ба гаднаас асар ихээр заналхийлж байсан аюулын улмаас эзэнт гүрэн мөхжээ.

Дорнод Түрэгийн эзэнт гүрний хувьд Хятадтай харилцах харилцаа нь мөн л онцгой ач холбогдолтой байв. Өмнөх төрт улсуудын нэгэн адил эртний Түрэгийн эзэнт гүрний үед ч зэвсэгт мөргөлдөөн нь солилцоо, худалдааны нягт харилцаагаар ээлжлэн солигдож байв. Харилцан элч солилцох, ураг барилдах, идэвхтэй дипломат харилцаа зэрэг нь ихэвчлэн бэлгэдлийн шинжтэй хараат байдлыг илэрхийлж байв.

Куль-Тегиний гэрэлт хөшөө

Энэ эрин үеэс ганц хятад төдийгүй, бас Төв Ази, тэр ч байтугай Византийн бичгийн эх сурвалжууд хадгалагдан үлдсэн бөгөөд эдгээр нь харийн ард түмний өнгөцхөн үзэл бодлыг тусгаж байдаг. Тэгвэл эртний Түрэгийн үед анх удаа гарч ирсэн нүүдэлчдийн өөрсдийнх нь бие даасан бичгийн эх сурвалжууд талын нүүдэлчдийн улс төр, түүхэн үйл явдлын талаарх тэдний өөрсдийн нь үзэл бодлыг харуулсан байна. Эртний Түрэгийн хамгийн чухал бичгийн баримтууд бол дэлгэрэнгүй бичээс бүхий томоохон гэрэлт хөшөөд болно. Эдгээрийг нас нөгчсөн хаад язгууртны тахилын онгоны цогцолборын бүрэлдэхүүнд босгосон байна. Энэ бичигт хөшөөд нь талийгаачийн бүтээж байгуулсан үйлсийн тухай өгүүлээд зогсохгүй, хойч үедээ үлдээсэн түүхийн судалгааны баримт, улс төрийн зөвлөгөөг бас агуулж байдаг. Эдгээр нь нүүдэлчдийн том эзэнт гүрний улс төр, үзэл суртлын дотоод амьдралын талаар сонирхолтой мэдээллийг хангаж өгдөг. Орхоны хөндийн бүс нутгийн онцгой ач холбогдлын талаар хэд хэдэн ийм хөшөөнд онцлон тэмдэглэсэн нь бий. Хөшөө Цайдамын түрэгийн тахилын онгоны цогцолборт өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн Куль-тегиний гэрэлт хөшөөнөө эртний түрэгийн руни бичгээр:

Logo Orchontal

„Өтүкэн нутагтаа үлдэж өгсөн уруудан байвал, ямар ч муу (зовлон) үгүй, (Түрэг түмэн минь!), Өтүкэн ууландаа үлдвэл мөнх улс болон нутаглах чинь тэр!“

Тоньюкукийн гэрэлт хөшөө

Эртний Түрэгийн хоёрдугаар хаант улсын төрийн гарамгай зүтгэлтэн, мөн тахилын онгон нь орчин үеийн нийслэл Улаанбаатарын ойролцоо одоо хүртэл хадгалагдан үлдсэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнөө:

„Өмнө, өрнө, умар, дорно зүгийн хүн иргэд намайг Түрэг улсыг Өтүкэн газар удирдан авчирч суусныг сонсоод цөм дагаар ирэв.“

(Шарлиппын орчуулга, Wolfgang Ekkehard. Die frühen Türken in Zentralasien: Eine Einführung in ihre Geschichte und Kultur. Darmstadt 1992, 35)

Энэ бичвэрүүдээс Орхоны хөндийн бүс нутгийн онцгой ач холбогдол тодорхойяа харагдаж байна. Энэ газрыг тал нутгийн эзэнт гүрний зайлшгүй байх ёстой төв бөгөөд нэг ёсны ариун дагшин орон гэж үздэг байжээ.

Уйгуруудын эзэнт гүрэн

Эртний Түрэгийн хоёрдугаар хаант улс 740 онд мөхөхөд Орхоны газар Уйгурууд эрх мэдлийг гартаа авав. Түрэг угсааны энэ ард түмэн өнөөгийн Монгол Улсын хил хязгаараас хол давсан тал нутгийн эзэнт гүрнийг байгуулсан юм. Орхоны хөндийд жинхэнэ нийслэл болж чадахуйц томоохон хотын цогцолборыг анх удаа барьж байгуулав. Энэхүү хотыг байгуулснаар сүм хийд, орд харш зэрэг олон тооны барилга байгууламж бүхий томоохон хотын цогцолборыг анх удаа Орхоны тал нутагт цогцлон босгосон юм. Уйгурууд хотоо „Ордубалык“ буюу орд балгас гэж нэрлэсэн бөгөөд одоо Хар балгас нэрээр олны танил болжээ.

Хятаны эзэнт гүрэн

Хятан нарын тухай анх 406 онд хятад сурвалжид дурдсан байдаг. Тэд монгол хэлний эртний аялгуугаар ярьдаг байсан бөгөөд Сяньби аймгийн холбооноос салбарлан гарсан байх магадлалтай. Тэдний төрөлх нутаг нь одоогийн Монгол Улс, Өвөр Монголын хилийн дорнод хэсэгт орших Хянган нурууны зүүн тал байв. 840 онд Уйгурын эзэнт гүрэн мөхөж, Хятадын Тан гүрэн унасны дараа Зүүн Азид эрх мэдлийн орон зай бий болжээ. Хятан нар өөрсдийн захирагч Елюй Абаожигийн удирдлагаар богино хугацааны дотор агуу эзэнт гүрнийг байгуулж чадсан юм. 907 оноос тэрбээр эзэнт гүрнээ цогцлон байгуулж, Тайзу хэмээх нэрийг өөртөө авчээ. Тэрбээр Хятадын жишигт тулгуурлан нийслэл хот байгуулснаар эрх мэдлээ бататгаж авсан байна. Хятан гүрэн нь төрөлх нутгаасаа гадна Умард Хятад, Монголын зарим хэсгийг захирч байв. 924 онд Елюй Абаожи Монгол нутаг руу аян дайн хийж, Хар балгас хүрсэн бөгөөд тэнд байсан нэгэн хөшөөний бичээсийг шинээр бичүүлэх зарлиг буулгаж байжээ. Энэ үйл явдал Хятаны эзэн хаан ч энэ газар нутгийн онцгой ач холбогдлыг мэдэж, улс төрийн болон бэлгэдлийн үйл ажиллагаандаа ашиглаж байсныг харуулдаг. Гэсэн хэдий ч Орхоны хөндий нь тухайн үед үнэн хэрэгтээ Хятан гүрний төв биш байсан. Тиймээс ч энэ эрин үеийн археологийн ул мөр ховор байдаг. Гэвч Хар балгаст явуулсан малтлагын үеэр уг газрыг Хятаны үед ашиглаж байсныг илтгэх олдвор олдсон билээ.

Монголчуудын эзэнт гүрэн

Монголын эзэнт гүрний эрх баригчид Орхоны хөндийн түүхэн хийгээд бэлгэдлийн ач холбогдлыг сайн мэдэж байсан нь гарцаагүй. Тэд 1220 онд эзэнт гүрнийхээ хамгийн чухал хотыг [[Хархорум]] чухам яг энд байгуулсан нь санамсаргүй хэрэг биш байжээ. Энэ цаг хугацаанд Орхоны хөндий нь Хархорумын хамт тухайн үеийнхээ дэлхийн ихэнх хэсгийг эрхшээсэн эзэнт гүрний төв болсон тул дэлхийн түүхэн ач холбогдлынхоо оргилд хүрсэн байна. Эртний Монголын нийслэл нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн элч төлөөлөгчид, худалдаачдыг өөртөө соронзон мэт татаж, эндээс байлдан дагуулах томоохон аян дайнуудыг эхлүүлдэг байжээ. Хубилай хаан Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулж, Юань гүрнийг байгуулсны дараа нийслэлийг Даду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Хархорум нь Монгол Юань гүрний үүсэж мандсан дурсамжийг хадгалсан чухал төв хэвээр байв. 1368 онд Хятад дахь ноёрхол төгссөний дараа дахин Монгол нутагтаа буцаж ирсэн улсын төв нь Хархорум болжээ. Орхоны хөндийд Хархорум хотын туриас гадна Монголын эзэнт гүрний үеийн археологийн дурсгал олон бий. Жишээлбэл, хойшоо Дойтын балгас гэж байдаг. Энэ бол исламын шашинт Төв Азийн гар урчуудаар бариулсан, Өгэдэй хааны өргөө байсан нь бичгийн сурвалжаас мэдэгдэж буй. Тайван цагт Монголын хаад ноёд энд зусаж, ойр орчмын нууранд ирэх усны шувуудыг харцага шонхороор авлан шувуучилдаг байжээ.

Шинэ үе

Юань гүрэн мөхсөний дараа ч Орхоны хөндий нь Монголын оюун санааны төв хэвээр байсан. Хуучин нийслэлийн турь дээр 1585 онд Абтай сайн хаан Эрдэнэ зуу хийдийг байгуулжээ. Энэ бол Халх Монголын хамгийн эртний Бурханы шашны хийд бөгөөд монголчуудын дунд Буддын сургаалыг түгээн дэлгэрүүлэх төв юм.

1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас тус хийдийг их хэмжээгээр эвдлэн сүйтгэжээ. Гэвч гол дугана нь бүрэн бүтэн хэвээр үлдсэн бөгөөд Орхоны хөндий нь одоо хүртэл Монголын тэгш өндөрлөгийн нүүдэлчин улсуудын оюун санааны төв байсан олон мянган жилийн түүхийг гэрчилсээр байна.