© H. Wittersheim / DAI

Хар балгасын гурван хэлээрх бичээст хөшөө

Хар балгасын гурван хэлээрх бичээст хөшөө бол нийслэл Хар балгасаас нь олдсон Уйгурын хаант улсын үеийн археологийн чухал олдвор бөгөөд эртний уйгур, согд, хятад гурван хэлээр бичигдсэн байдаг. Эдгээр хэл бүр нь энэ хугацаан дахь уйгуруудын соёл, улс төрийн харилцааг ёслон төлөөлж чадах юм.

Гурван хэлээрх бичээс

Хөшөөний бичээс нь гурван талаас бүрдэх бөгөөд тал бүрдээ гурван хэлний нэгээр бичсэн байдаг. Тэдгээрт Уйгурын найм дахь хааны (НТ 808 – 821) хаанчлалын тухай, түүний төр барьж байх үед болсон чухал хэрэг явдлуудыг тэмдэглэн бичжээ. Юуны өмнө Уйгурын эзэнт гүрний түүхэн дэх цэрэг дайны ялалт амжилт, Манихейн шашныг төрийн шашин болгон хүлээн авч, Уйгур хаан тусгайлан сурталчилж байсныг дурдсан байдаг. Ингэснээрээ уг бичээс нь Уйгурын соёл, улс төрийг ойлгоход дутагдаж болшгүй мэдээллээр хангаж өгдөг.
Хар балгасын гурван хэлээрх бичээс нь дундад зууны үед Төв Азийн соёл, хэлний ландшафт хэр зэрэг баялаг байсны гарамгай жишээ болно. Энэхүү дурсгал нь янз бүрийн ард түмэн, соёл хоорондын хэлхээ холбоо, харилцан үйлчлэлийг илэрхийлэх баримт, археологи, түүхийн судалгааны чухал объект хэвээр байна.

© H. Wittersheim / DAI

Согд, Уйгур, Хятадуудын харилцаа

Согд хэл нь үндсэндээ тухайн үеийн Төв Азийн худалдааны чухал хэл байв. Согдууд нэртэй худалдаачид байсан бөгөөд Уйгуруудтай эдийн засгийн талаар нягт холбоотой байжээ. Уг бичээсийн Согд хэсэг нь эдгээр худалдааны харилцаа, хоёр ард түмний соёлын харилцаа холбоог гэрчилж байдаг. Мөн тэд Уйгурын хааны ордны зөвлөх, дипломатын чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай дурдсан байдаг.
Уг хөшөөний хятад бичигтэй хэсэгт мөн Уйгурын хаант улс, Хятад дахь Тан улсын хоорондын улс төрийн дипломат харилцааг тусгасан байдаг. Уйгурууд Тан улсын хаадтай холбоотон болох, дайтах найрамдах зэргээр тодорхойлогддог нарийн төвөгтэй харилцаатай байв. Уг бичээст алба гувчуур, элчин харилцаа, Уйгурын төр гүрнийг хятадууд хүлээн зөвшөөрч байсныг баримтжуулжээ.

Хосгүй баримт

Хар балгасын гурван хэлээрх бичээс нь дундад зууны үеийн Төв Азийн соёл хоорондын солилцоо, соёлын болон хэлний олон янз байдлын хосгүй баримт болно. Энэ нь Уйгурууд зөвхөн улс төр, цэрэг дайны хувьд хүчирхэг байсан төдийгүй өөр өөр соёл иргэншлийг холбогч гүүр болж байсныг нотлон харуулдаг.

Олон хэлтэй байхын ач холбогдол

Энэхүү бичээс нь янз бүрийн соёлыг багтаасан эзэнт гүрэнд олон хэлтэй байх нь харилцаа холбоо, удирдлагын чухал хэрэгсэл болж байсныг зааж өгдөг. Хар балгасын гурван хэлээрх бичээсийг нээн олж, судлан шинжилсэн нь Төв Азийн түүх, соёлыг ойлгоход чухал хувь нэмэр болжээ. Уг бичээсээр дамжуулан археологич, түүхчид Уйгурууд болон тэдний хөршүүдийн нийгэм, улс төрийн ээдрээтэй бүтцийн талаар илүү гүнзгий ойлголттой болсон юм. Энэхүү сурвалж нь Уйгурын соёл иргэншил, Торгоны замын түүхэнд тэдний гүйцэтгэсэн үүргийг ойлгоход оньсон түлхүүр болж өгсөн байна.