Манихейн шашны цогцолбор
Хар балгасын сүм, ордон хотоос өмнө зүгт 270х230 метрийн хэмжээтэй, давхар хэрмээр хамгаалагдсан өөр нэг гайхалтай байгууламж бий. Энэхүү хэрмийн дотор хэд хэдэн барилгын үлдэгдэл байх бөгөөд төв овгор нь хамгийн сайн хадгалагдан үлдсэн байдаг.
Төв барилга
Энэ овгорын зүүн талд томоохон хүрээ байх бөгөөд түүний төв гол хэсгээс Хар балгасын гурван хэлээрх бичээстэй алдарт хөшөөний үлдэгдэл олджээ.
Монгол-Германы Орхон экспедицийн археологийн судалгаагаар, гурван хэлээрх бичигтэй хөшөө нь нэгэн том төв барилгыг тойрсон жижиг туслах барилгуудтай барилгын чуулбарын бүрэлдэхүүнд байсныг тогтоожээ. Налуу тавцан болон шатаар дээр нь гардаг, 2.40 метр өндөр довжоон дээр ханын зарим хэсгүүд хадгалагдан үлдсэн байв. Гэсэн хэдий ч уг байгууламжийг бүрэн сэргээх боломжгүй болсон байна.
Туслах барилгын судалгаа
Туслах барилгын нэгийг мөн судалсан. Дагтаршуулсан хатуу шавар шалтай, дотор ханыг нь шавардсан хоёр тасалгааг хэсэгчилсэн байдлаар малтан шинжилсэн юм. Уйгурын хэв шинжит керамик эдлэлийн хэлтэрхийнүүд нь уг барилга анхнаасаа хуучин хотын бүрэлдэхүүн хэсэг байсныг харуулж байна. Барилгын баруун хойд булангаас мөн нэгэн оршуулга олдсон бөгөөд хойлгын эд зүйлд тулгуурлан Монголын үеийнх гэж тодорхойлох боломжтой байв. Хар балгасын турь нь Уйгуруудыг хөөгдсөнөөс хойш олон зуун жилийн дараа бас оршуулгын газар маягаар ашиглагдаж байсан нь тодорхой болов.
Давхар хэрэмт байгууламжийн үүрэг зориулалт
Бичигт хөшөөний байрлал, давхар хаалганы систем, хоёр давхар хэрмийн дундах төв тавцангийн зохион байгуулалт зэрэгт үндэслэн уг цогцолборыг Манихейн шашны шүтээний газар байсан гэж бид таамаглаж байна.