
Манихейзм
Манихейзм нь урьдын цагт еврази тив даяар тархаж байгаад дундад зууны сүүлээр алга болсон ерөнхий шашин юм. Энэ шашин анх Сассанидууд удирддаг байсан III зууны үеийн Персэд үүссэн бөгөөд үүсгэн байгуулагч Манигийнхаа нэрээр нэрлэгдсэн байна.
Шашны үндэслэгч Мани
Энэ шашин анх Сассанидууд удирддаг байсан III зууны үеийн Персэд үүссэн бөгөөд үүсгэн байгуулагч Манигийнхаа нэрээр нэрлэгдсэн байна. Тэрээр 216 онд өнөөгийн Багдадын ойролцоох Селеукиа-Ктесифон хотод төрсөн. Мани нь эцэг эхийнхээ адилаар еврей христийн анабаптист нийгэмлэгийн (өөрөөр хэлбэл Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрдөг ч еврейн сургаалийн үүргээс, жишээлбэл хөгжиж байгаа христийн шашны хооллох тухай хуулиудаас татгалздаг) гишүүн байжээ. Мани 12 ба 24 насандаа “тэнгэрийн ихэр”-ээрээ бурхантай холбогдсон. Тэрээр өөрийгөө Зороастер, Есүс, Паулус болон Элкэсай зэрэг Хуучин гэрээний зөнчидийн залгамжлагч гэж үздэг байв. Тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг сүмийн байгууллагыг байгуулах болон номлох ажилд зарцуулжээ. Мани дахин дахин номлолын аялалд явж байхдаа бүр Энэтхэгт ч хүрч байсан гэдэг. Тэрээр Персийн хаан Шапур I -ийн хүрээлэлд орж номлосноор түүний итгэлийг олж Сассанидын улс даяар номлол хийх зөвшөөрөл авч байжээ. Түүнээс гадна Мани номлолоо тайлбарлаж хойч үедээ үлдээхийн тулд өргөн хүрээтэй бичгийн бүтээлүүд болон зураглалууд бүтээсэн байна. Шапур I хаан болон түүнийг залгамжлагч Хормизд I хааныг нас барсны дараа Мани болон түүний сүмийн нөхцөл байдал өөрчлөгдөв. Шинэ хаан болох Бахрам I нь зороастын лам нарын нөлөөнд байсан ба тэд Манигийн сургаалийг аюултай гэж үзэж байв. Маниг 274 эсвэл 277 онд нэгэн бараалхалтын дараа баривчилжь улмаар шоронд нас барсан байна. Түүний шарилыг зэрэмдэглэж олон нийтэд үзүүлжээ. Дараагаар нь Манихейзмийг болон түүнийг дэмжигчдийг хавчин гадуурхах болсноор тэд Ираны зүүн хойд нутаг руу дүрвэж, тэндээсээ Төв Ази болон Хятад хүртэл тархсан байна.
Манихейн сургаал
Манихейзм нь синкретик сургаал бөгөөд өөрөөр хэлбэл өөр өөр шашны уламжлалуудын холимог юм. Манихейзмд Иудаизм ба Христын шашин, Гностицизм, Зороастризм болон Буддын шашны элементүүд байв.
Манихейзм нь Зороастризмтай адил ертөнцийг сайн муу гэж ангилна. Материаллаг ертөнцийг бий болгосон нь харанхуйн ертөнцөөс гэрэлт ертөнц рүү хийж байгаа дайралтын үр дүн гэж үзнэ. Энэ 2 ертөнцийн тэмцлээс үүдэн харанхуй ертөнцийн ад чөтгөрүүдийг дотор нь хорихын тулд материаллаг ертөнцийг бий болгосон ба чөтгөрүүд хариуд нь гэрэл гэгээний шорон болгож хүн төрөлхтнийг бий болгосон аж. Ертөнц болон хүн төрөлхтний тухай энэ түүх нь гэрэл гэгээг шоронгоос нь чөлөөлөх зорилготой бөгөөд хүмүүс зөв амьдарснаар үүнд тус нэмрээ оруулж чадах юм. Энэ номлол нь гэрэл гэгээнд хортой гэх шалтгаанаар бие махбодын бүх зүйлээс татгалздаг зан үйлийн хатуу дүрмийг бий болгожээ. Үүнд жишээлбэл мах болон архинаас, мөн ажил хийхээс татгалзах зэрэг хатуу аскетизм ордог байв. Үүний оронд жинхэнэ үнэн сургаалийг сонсож, түгээх нь чухал байв. Энэ үүрэг нь бодит амьдралд зохицохгүй байсан тул оршин суугчдыг “сонгогдсон нэгэн” болон “сонсогчид” гэж хуваана. Сонсогчдын хувьд дагаж мөрдөх дүрэм нь арай зөөлөн байх ба түүнийхээ төлөө тэд сонгогдсон нэгэндээ өргөл барьц өгнө. Буддизмтай адил Манихейзмд хийсэн сайн муу үйлээс нь шалтгаалж сүнс өөр биед шилждэг гэж үздэг. Хамгийн том нүглийн шийтгэл нь бүрмөсөн үхэх бол хамгийн том шагнал нь сүнсээ дэлхийгээс чөлөөлж гэрэл гэгээтэй нэгдэх явдал аж.
Манихейзм – Уйгурын эзэнт гүрний төрийн шашин
Манихейзм нь бараг дандаа хавчин гадуурхагдсан цөөнхийн шашин байсан боловч Еврази даяар болон Африкийн зарим хэсгээр амжилттай номлогдон тархсан шашин юм. Мани өөрөө Персийн эзэнт гүрний ихэнх хэсэг болон Энэтхэгээр аялсан ба мөн шавь нараа Энэтхэг болон Ромын эзэнт улс руу номлогчоор илгээж байв. Тэр байтугай христийн сүмийн багш Августинус 9 жилийн турш Манихейн дагагч байснаараа Ром болон Хойд Африкт Манихейн шашин байсныг нотолж байдаг. Мани бас Аммо хэмээгч нэгний удирдлага доор зүүн зүгт, төв Ази руу номлогчид илгээжээ. Эндээс Манихейзм нь торгоны замыг даган Хятад хүртэл тархсан байна. Яг энд Манихейзмийн түүх нь Уйгурын түүхтэй холбогддог. Хятадын Лояанг хотод 762 юм уу 763 онд Уйгурын Бөгү хаан Маихейн шашинд орж, Манихейн багш нарыг өөрийн нийслэл Орд Балиг/Хар Балгас руу урьсан гэдэг. Уйгурын хааныг шашиндаа оруулсан нь Манихейн шашны түүхэнд төрийн шашин болтлоо дэвшсэн цорын ганц тохиолдол юм. Магадгүй Уйгурууд Буддын шашин зонхилсон Хятадаас ялгарахын тулд энэ шашныг санаатай авсан байх. Талын Уйгурчуудын гүрэн 840 онд задран унасны дараа ч Уйгурууд Манихейзмд үнэнч байлаа. Тэд амьдарч байсан одоогийн Монголын тал нутгийг орхин нүүдэллэж одоогийн Шинжааны Уйгурын Автономит Улс дахь Турфаны хөндийд очсон бөгөөд тэнд Манихейзм нь мөн л төрийн шашин нь байж байгаад 10-р зууны үеээс аажмаар Буддизмд шахагдсан байна. Манихейзмийг Уйгурын хаад ноёд төрийн шашнаа болгон дэмжсэнээр бичгийн соёл болон урлаг цэцэглэн хөгжжээ. 20-р зуунд ялангуяа Турфаны баян бүрдэд маш олон гар бичмэлийн хэсгүүд болон ханын зургууд олдсон нь өнөөдрийг хүртэл Манихейзмийн тухай хамгийн чухал эх сурвалжид тооцогдож байна. Өөр нэг чухал эх сурвалж бол 1969 онд Египетэд олдсон Кёльны Мани-Кодекс гэж нэрлэгддэг 4,5х3,8см хэмжээтэй бидний мэдэх хамгийн жижигхэн эртний кодекс юм. Эдгээр олдворууд нээгдэхээс өмнө Манихейзмийг бусад шашны Манихейзмийн эсрэг дайрч давшилснаас л мэддэг байв.
Манихейзмийн мөхөл
Манихейзм нь дэлхий даяар бусад том шашнуудад хавчигдан гадуурхагдаж байснаар 6-9-р зуунд Зүүн Ромын эзэнт улсад, 11-р зуунд Ойрх Дорнодод, 12-13-р зуунд Төв Азид мөхөж алга болжээ. Хятадын өмнөд хэсэгт 16-р зуун хүртэл Манихейн нэгэн бүлэг байсан мэдээ байдаг. Үүний дараа Манигийн сургаал бүрмөсөн алга болж 20-р зуунд дахин олж нээгдсэн байна.