Хар балгасын Сүмийн буюу Ордон хот
Хар балгасын хамгийн алдартай хэсэг бол сүм хийд эсвэл ордон хот байж магадгүй гэж үздэг, өндөр хана хэрэм нь тал нутгийн дундаас одоо ч сүр бараатай харагддаг, 390 х 460 м талбай эзлэн орших цогцолбор билээ.
Дөрвөн тал хэрмийн хана
Дөрвөн тал хэрмийн ханын үлдэгдэл нь одоо ч 10 шахам метр өндөр, бараг бүх талдаа сайн хадгалагдан үлджээ. Бороо салхинд элэгдэж муудсан ч хэрхэн барьж байгуулсан хийц технологийг харж болохуйц байдаг. Хятадын уран барилгын үлгэр загвараар хэрмийн ханыг шавар шороо дагтаршуулан дэлдэх аргаар (Terre Pisé/Hangtu 夯土) барьсан бөгөөд хэвтээ чиглэлд сөөлжүүлэн зангидсан модон хийцээр бэхэлсэн байна.
Байгалийн элэгдэлд илүүтэй өртсөн газруудад одоо тэр бэхэлгээ мод нэгэнт үгүй болж, ором нь болох хөндий нүхнүүд үлджээ. Хэрмийн хана сууриараа 35 м хүртэл зузаантай, дээд тал руугаа нарийссан байдаг. Хэрмийн дээр бараг 100 м тутамд гадагшаа илүү гарсан бастион хэлбэрийн өргөтгөл – цонж байгуулсан нь хамгаалалтын шинж чанартайн зэрэгцээ хэрмийн бат бөх чанарыг нэмэгдүүлж хүчитгэж өгчээ.
Барилга байгууламж бүхий дотоод хэрмүүд
Цитадель гэж нэрлэгддэг газар нь их хэрмийн зүүн өмнөд буланд байрладаг. Цогцолборын бусад хэсгээс дахин өндөр ханаар тусгаарлагдсан бөгөөд дотоод талбай нь бараг тэг дөрвөлжин, өндөр довжоо суурийн дээр (Цитаделийн тухай нийтлэлээс үзнэ үү/ Link Artikel Zitadelle) баригдсан байдаг.
Сүмийн буюу Ордон хотын хэрмийн дотор бас тус тусдаа жижиг хэрэмтэй, хоорондоо залгаа байрласан бүтэц байдаг нь тэнд бас хүн сууж байсан барилга байгууламж байсныг харуулж байгаа юм.
2023 онд сүм хийд, ордон хотын зүүн өмнөд хэсэгт хийсэн малтлагаар анх удаа тэндхийн бүтээн байгуулалтын хэлбэрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авсан билээ. Өөр хоорондоо тэгш өнцөгт ханаараа нийлсэн шохойн зуурмагийн түрхэц бүхий шалтай том талбайг эрт үед байсан барилгуудын ул мөр гэж итгэл төгс тайлбарлаж болохоор байв. Хана нь зөвхөн хамгийн доод хэсэгтээ л хадгалагдаж үлдсэн бөгөөд шатаагаагүй түүхий тоосгоор өрсөн, тэгээд зарим газраа 25 см хүртэл өндөр хадгалагдаж үлдсэн шаваасаар шавардаж шавсан байжээ. Зөвхөн нэг буланд ханыг нь шатаасан тоосгоор бэхлэсэн тул илүү сайн хадгалагдсан байв.
Хана нь өөрөө даацын үүрэг гүйцэтгэдэггүй, харин дээвэр туургыг тулсан чулуун суурьтай модон баганууд дээр гол ачаалал ирдэг байжээ. Эдгээр баганын суурийг боржин чулуугаар бараг тэг дөрвөлжин хэлбэртэй хийдэг байсан бөгөөд зарим нь тэдгээрийн дээгүүр хэсэгчлэн түрхсэн шаваасын доороос олдсон юм. Модон байгууламжаас зөвхөн жижиг нүүрсний үлдэгдэл төдий зүйл үлджээ. Ханан доороос хоёр баганын суурийг ил гаргаж чадсан ба хоёрыг нь судалсан боловч малтаж гаргаагүй. Тэдний нэг нь малтан судалсан ханын буланд, нөгөө нь зүүн – баруун чиглэлтэй хананд тэгш бус хэмтэй, хойд зүгт салаалсан маш нимгэн тусгаарлах хананд байрласан байлаа. Модон тулгууруудыг ханын нь дотор суулгаж өгсөн тул ханыг нь ийнхүү зүгээр л түүхий тоосгоор барьж болдог байжээ. Малтлагын зүүн хэсэгт баганын суурийн хооронд ямар ч хана хадгалагдан үлдсэнгүй, магадгүй тэнд хаалга үүдний хэсэг байсан бололтой.
Сүмийн буюу Ордон хотын доторх малтлагууд
Хожим дахин ашиглах боломж
Дүгнэж хэлэхэд малтлагаар олдсон эдгээр олдворын цогц байдал дээр үндэслэн Сүмийн буюу Ордон хотын дотор эргэн тойрны хэрмийн хана дагуу байрласан энгийн хийцтэй тагз маягийн барилгууд байсан гэж үзэж болох юм. Эдгээр барилгууд тус тусдаа өөр өөрийн үүрэг гүйцэтгэж байсан нь гарцаагүй.
Сонирхолтой нь, 2023 онд явуулсан малтлагын талбайн баруун хойд хэсэгт эвдрэлийн давхрагын дээгүүр тоосгоор өрсөн, дугуйрсан хэлбэр үүсгэсэн сул өрлөгүүд гарч ирсэн. Бодвол, эртний барилга эвдэрч сүйдсэнээс хойш нэлээд хугацааны дараа энд нүүдэлчид хэрмийн нөмөрт бууж өвөлжихдөө, гэрийнхээ хаяаг дулаалж манахдаа тоосго ашиглаж байсан бололтой. Иймэрхүү хандлага өнөө ч Монголд хаяагүй үзэгддэг билээ.
Энэ бүхнээс үзэхэд, Хар балгасын Сүмийн буюу Ордон хотын энэхүү гайхалтай цогцолборыг Уйгурын хаант улсын төв гэж зүй ёсоор нэрлэх нь гарцаагүй.