Сэргээн засварлалтын хамтын ажиллагаа

Олдвор хэрэглэгдэхүүн болон олдворын цогц байдлын малтлага судалгаа гэдэг нь өргөн утгаараа малтан гаргасан ямар нэг олдвор, архитектурын үлдэгдлийг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах зэрэг сэргээн засварлалтын ажил хэмээн үзэж болох юм. Орхон голын хөндийд явуулж буй археологийн төслийн хүрээнд энэ чиглэлээр олон талт арга хэмжээг хамтран хэрэгжүүлсэн.

Археологийн олдворыг сэргээн засварлах, хадгалах

Археологийн олдворуудыг сэргээн засварлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь эртний судлалын ажилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. “Археологийн сэргээн засварлалт” хэмээх ойлголт нь олдворуудыг сэргээн засварлахаас гадна түүнийг эвдэж гэмтээхгүй малтаж гаргах, хаягжуулах, сав баглаа боодол, баримтжуулалт, дараа нь сан хөмрөгт авчирч хадгалах зэргийг ч бас хамарна. Сэргээн засварлах ажлын зорилго нь объектыг дахин танигдахуйц болгох, аль болох анхны дүр төрхөөр нь хадгалж хамгаалах явдал юм. Сэргээн засварлалтын явцад тухайлбал, үйлдвэрлэсэн арга техник, хийсэн эд материал, мөн түүнчлэн хэрэглээний ул мөр зэргийн талаар олж авсан мэдлэг нь тухайн объектын талаар үнэ цэнэтэй мэдээллийг өгдөг.

Малтлагын дараа объектуудын сав баглаа боодол, хадгалах нөхцлийг авч үздэг урьдчилан сэргийлэх хадгалалт хамгаалалтын тусламжтайгаар, объектыг аль болох удаан хадгалахыг зорьж байна. Энэ зорилгын үүднээс тасалгааны дулаан, чийгшил, гэрэлтүүлэг болон сав баглаа боодлын материал зэрэг хүрээлэн буй орчны параметрүүдийг тухайн объект цаашид өөрчлөгдөхөөс сэргийлэх эсвэл тэр өөрчлөлтийг удаашруулах байдлаар сонгодог.

Олдворуудыг болгоомжтойгоор малтан гаргаж байгаа нь

Малтлага хийхээс өмнөх бэлтгэл

Зарчмын хувьд малтлага хийхээс өмнө, гарч болох олдворуудыг тооцож, эмзэг эд зүйлсийг малтлагын үед эсвэл дараа нь, түүнд тохирсон анхны арчлалт хамгаалалтын арга хэмжээг явуулж чадахуйц бэлтгэлийг хангасан байвал зохино. Янз бүрийн материал нь тус бүрдээ тохирсон аргаар харьцах, бас өөр өөр бодис материал шаарддагийг харгалзан үзэх ёстой. Тиймээс, жишээлбэл, археологийн даавуу, зөөлөн эдлэлтэй төмөрлөг, эсвэл керамикаас ондоогоор харьцах учиртай. Олдворын хадгалалтын байдалд үлэмжхэн нөлөө үзүүлдэг бөгөөд үүнээс үүдэлтэй авч хэрэгжүүлэх ажлын үр дүнд чухал учир холбогдолтой өөр нэг хүчин зүйл бол хөрсний шинж чанар юм. Чийгтэй хөрснөөс гарсан объект нь хуурай хөрснөөс гарсан олдворуудаас өөрөөр харьцахыг шаарддаг. Малтлагын үед анхны арга хэмжээ авсны дараа олдворуудыг лабораторид авчирч, цаашид учрах гэмтлээс сэргийлэн хадгалалт хамгаалалтын дараагийн шатны арга хэмжээг авна.

Гэр дэх хамгаалалтын анхны арга хэмжээ

Музейн үзэсгэлэнгийн сэргээн засварлалт

Онцгой тохиолдолд, тухайлбал, хэрэв нэг шавар савыг үзэсгэлэнд тавихаар төлөвлөсөн бол тухайн савны талаар бүрэн дүүрэн ойлголт өгөхийн тулд дутуу хэсгүүдийг нь нөхөж бүтэн болгох шаардлага ч гардаг. Гэвч объектыг хэзээ ч анхны төгс байдалд нь буцааж оруулах боломжгүй, учир нь материалд гарсан эвдрэл, өөрчлөлтүүдийг хэзээ ч буцааж болдоггүй.

Археологийн жижиг олдворуудаас гадна хэрэм хана, модон тулгуурын үлдэгдэл зэрэг архитектурын дурсгалт зүйлийг хадгалж сэргээн засварлаж болно. Хархорум дахь малтлагуудын үеэр сэргээн засварлагчдын мэргэжлийн дэмжлэг туслалцаа удаа дараа хэрэг болж байсан билээ. 2011 онд Хархорум музейг байгуулахад сэргээн засварлах урланг хамт бий болгосноор олдвор материалыг бас газар дээр нь хадгалж хамгаалах аргыг боловсруулж зохих ёсоор хадгалах боломжийг бий болгосон юм.

Нягт хамтын ажиллагаа, сургалт семинаруудыг хэрэгжүүлснээр малтлагаас олдсон олон олдворыг зохих ёсоор сэргээж, хадгалах боломжтой болсон билээ.

Шүншигийг нээж байгаа нь