Хархорумын түүх

Хархорумын түүх бол Монголын Эзэнт Гүрэнтэй нягт холбоотой. Монголчууд өргөжин тэлж, Евразийн ихэнх нутгийг хамарсан эзэнт гүрнийг байгуулснаар монголын тэгш өндөрлөгийн тал нутагт орших Хархорум олон улсын худалдаа, солилцооны төв болжээ. Энэ нь хотыг цэцэглэн хөгжүүлэх эдийн засаг, улс төр, соёлын нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Монголын эзэнт гүрэн

Чингис хаан болон түүний залгамжлагчидгүйгээр Монголын Эзэнт Гүрнийг төсөөлөхийн аргагүй. Эзэнт гүрнийг үндэслэгч эзэн Чингис хаан, түүний хүүхэд насны нэрээр Тэмүүжингийн бага нас хэдийгээр таагүй нөхцөл байдлаас эхэлсэн ч түүнийг үл хамааран тэрээр монгол бусад аймаг, овгийн ноёдын эсрэг ялалт байгуулж чадсан юм. Ийнхүү тэрээр эцэст нь Их хаан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, дараа нь эзэнт гүрний урьд өмнө хэзээ ч байгаагүй олон тооны цэрэг, дайны амжилт, газар нутгийн өргөжин тэлэх үндэс суурийг тавьсан юм.

Чингис хаан – эзэнт гүрнийг үндэслэгч

Чингис хаан 1167 оны орчим Тэмүжин нэрээр төржээ. Түүний бага, залуу насны талаар бидний олж мэдсэн гол мэдээлэл 1240-өөд онд бичигдсэн болов уу хэмээн таамаглагддаг “Монголын нууцтовчоо” билээ. Үүний дагуу Тэмүжин өнөөгийн Монгол орны хойд нутаг, одоогийн Хэнтий аймгийн Онон, Хэрлэн голын хөвөөнд монголын нэгэн ноёны хүү болон мэндэлжээ. Бага насанд нь түүний аав овог, аймгуудын хэрүүл маргааны улмаас хорлогдож, түүнийг харьяат улс нь орхин нүүжээ. Нутагтаа гээгдэж хоцорсон бэлэвсэн ээж гэр бүл, үр хүүхдүүдээ аварч үлдэхийн төлөө тэмцсэн. Тэмүжин ч бас дайснуудын хавчлагаас зугтаж, олзлогдож, боолчлогдож, чөлөөлөгдөж явсан бөгөөд Гурван Мэргэд довтлоход, Бурхан Халдун ууланд зугтан гарч, эсэн мэнд гарсны дараа Тэмүжин өчил өчиж, ёслол үйлдсэн түүхтэй. Идэр залуу байхдаа тэрээр өөрийн үнэнч дагалдагчдаар өөрийгөө хүрээлүүлж, чадварлаг дипломат арга замаар олон монгол овог аймгуудын дунд өөрийн холбоотнуудыг байлдан дагуулж байжээ. Үүний дараа монголын олон овог, аймгуудын хооронд тэмцэл өрнөж, эвсэл холбоотнуудын нөхцөл байдал өөрчлөгдөж ирэв. 1205 онд Тэмүжин эдгээр мөргөлдөөний ялагчаар тодорч, дараа жил нь Монголын ноёдын Их Хурилдай хэмээх хурлаар Их Монгол Улс байгуулагдсаныг зарлаж, “Эзэн Чингис хаан” цолоор өргөмжлөгджээ.

Нэгдмэл монгол овог аймгуудын хүч

Чингис хаан нэн даруй аравтын тооллын системд суурилсан цэргийн бүтэцтэй төрийн аппаратыг байгуулж эхлэв. Тэрээр өөрийн итгэмжлэгдсэн жанжнууддаа тус бүр түмэн цэрэг удирдах тушаалыг өгчээ. Эдгээр түмтүүд нь эргээд мянгат, зуут, аравтаар хуваагдаж байв. Зуут, мянгат, түмтийн удирдагч ноёдоос хатуу үнэнч байдлыг шаарддаг байв. Нэгдмэл монгол овог аймгуудын цэргийн хүчинд тулгуурлан Чингис хаан газар нутгаа тэлэх аян дайныг эхлүүлэв. Киргиз овог аймаг, Баруун Монголын Ойрадыг эрхшээлдээ оруулав. 1209 онд Уйгурууд тэмцэлгүйгээр түүний захиргаанд дагаар орсон. Уйгуруудын хамтаар засаг захиргааны мэдлэгтэй, өөрийн бичгийн хэлтэй чухал мэргэжилтнүүд орж ирсэн нь эзэнт гүрнийг төвхнүүлэх ажилд чухал дэмжлэг үзүүлсэн. Нэгэн цагт Орхоны хөндийд өөрийн гэсэн нийслэл бүхий томоохон эзэнт гүрэнтэй, нүүдэлчин ард түмэн байсан Уйгурууд одоогийн Хятадын баруун хойд хэсэгт орших Турфаны бүс нутагт суурьшсан байжээ. Тэд бүр дундад зууны эхэн үед согд бичгийг эзэмшиж, баялаг бичгийн соёлыг хадгалсаар ирсэн омог байв. Монголчуудын хувьд тэд төрийн захиргаа, удирдлагыг бий болгоход зайлшгүй хэрэгтэй зөвлөх, багш нар болж өгчээ. Мөн Чингис хааны зарлигаар уйгур бичгийг монгол хэлэнд тохируулж, өөрийн гэсэн монгол бичгийн хэлний замыг зассан хүн нь уйгур хүн байжээ. Эндээс үүсэлтэй уйгаржин монгол бичиг үсэг нь 1940 он хүртэл Монголд хэрэглэгдэж байсан. Өвөрмонголчууд өнөөг хүртэл уйгаржин монгол бичиг үсгийг хэрэглэж байна.

Дэлхийн эзэнт гүрний суурийг тавьсан нь

Дараа жилүүдэд Монголчууд баруун хойд Хятадын Жин, мөн Тангудыг дайлах аян дайныг эхлүүлжээ. Хорезмийн шах Отрар хот руу Монголоос худалдааны харилцааг санал болгох гэж ирсэн элчийг барьж хорин хөнөөснөөр Чингис хаан 1218 онд Төв Ази руу өшөө авах аян дайнд морджээ. Үүгээр Кара-Китай мөн худалдааны чухал төвүүд болох Отрар, Самарканд, Бухар зэрэг хотуудыг эзлэн авч, эцэст нь Шах үхэж, түүний эзэнт гүрэн устахад хүрчээ. Дундад Ази руу хийсэн аян дайны үеэр монгол цэргүүд анх удаа Кавказ, Крым руу давшиж, 1223 онд Калкагийн тулалдаанд орос, кипчакуудын хамтарсан цэрэгтэй тулалдан, ялалт байгуулжээ. Энэхүү ялалтаас эхлэн урагшлан давшиж буй монголчуудын тухай сэтгэл түгшээсэн анхны мэдээ, цуурхал Баруун Европт тархав. Төв Азийн хийсэн тулаануудтай зэрэгцэн Хятадын хойд хэсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байв. Нэгэнт дагаар орсон Тангутууд монголчуудыг дагахаас татгалзав. Энэ нь Чингис хааныг дахин шийтгэл үзүүлэх дайныг эхлүүлэхэд хүргэсэн бөгөөд энэ нь Тангутын эзэнт гүрнийг устгаж, захирагч нь нас барснаар дуусгавар болсон юм. Уг дайн Монголын их удирдагчийн сүүлчийн аян дайн байсан бөгөөд их хаан 1227 ийнхүү Тангутыг дайлаар мордохдоо тэнгэрт хальжээ. Тэрээр тэнгэрт халихдаа дэлхийд урьд өмнө байгаагүй хамгийн том эзэнт гүрний суурийг нэгэнтээ тавьсан байв.