Вильхельм Рубрук ба Хархорум
Дундад зууны үеийн Монголын нийслэл Хархорум хотын талаарх хамгийн чухал бөгөөд сонирхолтой бичмэл сурвалжуудын нэг нь гарцаагүй латин Европоос гаралтай. Энэ бол Фламандын Францискан санваартан Вильхельм Рубрукийн аяллын тэмдэглэл юм. Энэ аялагч хэн байсан бэ, түүнийг Хархорумд юу авчирсан бэ?
Европоос Монголчууд руу илгээсэн элч
Удаан хугацаанд Европ, Монгол, Зүүн Азийн хооронд шууд харилцаа холбоо байхгүй байлаа. Харин 1237-1241 онд Зүүн болон Зүүн өмнөд Европт хийсэн “Монголчуудын шуурга” хэмээх монгол цэргийн довтолгооны дараа энэ байдал өөрчлөгдсөн. Монголчуудын шуурганы цочролыг сониуч зан, сонирхол дагасан байна. Европын эрх баригчид цэрэг, дипломатын мэдээлэл цуглуулах, болж өгвөл Монголын хаад ноёдыг Христийн шашинд оруулах зорилгоор хэд хэдэн элчийг томилон илгээжээ. Ийм элч төлөөлөгчид даалгавар өгөгсөд нь Византийн эзэн хаан, Пап лам, Францын ван байв. Европчуудын хувьд энэ аяллууд нь Ази тивд шинэ шинэ боломжуудыг нээх эхлэл байсан юм.
Энэ үе хүртэл Европчуудын Азийн талаарх мэдлэг тодорхойгүй, үлгэр домгийн шинжтэй, бараг бүхэлдээ антикийн эртний бичвэрүүд дээр тулгуурласан байлаа. 13-14 дүгээр зууны аялагчид анх удаа өөрийн биеэр туулж нүдээр үзэж харснаа аян замын тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Тэдний бичиг тэмдэглэлүүд нь Монгол, Хятад, Төв Азийн ард түмнүүдийн зан заншил, шашин шүтлэг, өдөр тутмын соёл төдийгүй бүс нутгийн газар зүйн талаарх мэдээллүүдийг агуулсан байдаг. Баруун Европоос эхлээд Папын зарсан элчис монголчуудад хүрч ирэв. 1245 оны 3 дугаар сард IV Иннокент Өмнөд Орос, Персид сууж байсан монгол ноёдод хоёр элчээр захидал хүргүүлэв. Тэдний зорилго нь Монголчуудыг түрэмгий бодлогоос нь өөр тийш хандуулах, ялангуяа Ойрхи Дорнодод тэдний цэргийн хүчийг Ариун газар дахь исламын шашинтнуудын эсрэг чиглүүлэх явдал байв. Энэ хоёр элчийн тайлангийн нэг нь Иоханнес Плано Карпинигийн тэмдэглэл юм. Тухайн үед нэлээд ахимаг настай байсан Францискан гэлэн их хаан Гүюгийн Монгол дахь ордон хүртэл аялсан билээ. Гэвч Монголын хаанаас Папын захидалд түүний авсан хариу сэтгэлд нийцэхээргүй байв. Монгол хааны захидалд Ромын пап хийгээд Өрнөдийн бүх ард түмний хаад ноёдыг Монголын эзэнт гүрэнд дагаар орж захирагдахыг шаардсан байлаа.
Иоханнес элчийнхээ хувьд дипломат ажиллагаа нь бүтэлгүйтсэн хэдий ч урт удаан аяллынхаа үеэр (1245–1247) арвин их мэдээллийг тэмдэглэж авсан юм. Тэрбээр энэхүү мэдээллээ монголчуудын газар зүй, соёл, шашин шүтлэг, сэтгэлгээ, улс төр, дипломат ажиллагаа, байлдах чадварын тухай иж бүрэн зохиол болох “Историа Монгалорум”- доо боловсруулж, аян замын тэмдэглэлээ хавсаргав.
Вильхельм Рубрукийн „Itinerarium“
13 дугаар зууны Монголчууд ба нийслэл Хархорум хотынх нь тухай өрнөдийнхний бичсэн хамгийн дэлгэрэнгүй тайлан бол мөн Францискан санваартан болох Фламанд хүн Вильхельм Рубрукийн тэмдэглэл юм. Түүний “Itinerarium” гэдэг зохиол бол хувь хүний гярхай ажиглалт, нарийвчилсан тэмдэглэл бүхий аяллын тайлан болно. Тэрээр өмнөх үеийнхнээсээ илүү монголчуудын сэтгэлгээг ойлгохыг хичээсэн. Түүний тайлан тэмдэглэлд эгэл жирийн хийгээд өндөр албан тушаалтай монголчуудын амьдрал, шашин шүтлэгийн ертөнцийнх нь талаар тод томруун өгүүлсэн байдаг.
Түүний аяллын шалтаг нь Алтан ордны язгууртан, Бат хааны хүү Сартах Христийн шашинд орсон гэсэн цуурхал байв.
Энэ үед Монголын эзэнт гүрний баруун хязгаарыг “Алтан Ордны улс” бүрдүүлж байжээ. Рубрук Сартахын ордонд үлдэж тэндхийн монголчуудыг Христийн шашинд оруулахыг хүсэж байлаа.
Рубрук өөрийгөө элч гэхээс илүүтэй шашны номлогч, сэтгэлийн дэм хайрлагч гэж үздэг байв. Гэсэн хэдий ч тэрээр Францын вангийн захидлыг авч явсан. Энэ захидал Монгол язгууртан Сартахад хаяглагдсан бөгөөд түүний ордонд хүрэх явдал нь ч санваартны зорилго байлаа. Хэрэв үзсэн харснаа нэгд нэгэнгүй тэмдэглэн бичиж ирэхийг тушаасан вангийн зарлиг байгаагүйсэн бол Рубрукийн тэмдэгдэл ч байхгүй байх магадгүй.
Төв Азиар аялсан нь
1253 оны 5 дугаар сард өөрийн шашны бүлгийн номын садан Кремон нутгийн Бартоломео, бас өөр хоёр хамтрагч ба хэлмэрчийн хамт Хар тэнгисийг гатлахаар мордсоноор түүний аян замын тэмдэглэл эхэлнэ. Аялагчид эхлээд Крымын хойгт хүрнэ. Тэндээс Азовын тэнгисийг хуурай газраар тойрон явдаг. Тэгээд Дон мөрнийг гатлан Сартахын хуаранд хүрч очно. Гэсэн хэдий ч Рубрукийн анхны төлөвлөгөө буюу Сартахын хүрээнд харь шашинтнуудад ном номлох ажил бүтсэнгүй. Францын вангийн захидалд санваартнууд түүний дэргэд үлдэх ёстой эсэхийг Сартах өөрийгөө шийдэх эрхгүй гэж үзсэн тул шашин номлогчдыг Бат хаан эцгийнхээ хүрээ рүү илгээжээ. Бат хаан ч гэсэн монголчуудын дунд Христийн шашин дэлгэрүүлэх санваартнуудын хүсэл эрмэлзлийн талаар шийдвэр гаргахыг хүсээгүй бөгөөд тэднийг цааш их хаан Мөнх рүү Хархорумын зүг илгээжээ. Тэд 1253 оны есдүгээр сарын 15-нд мордож Төв Азийг мориор туулав. Рубрукийн тэмдэглэлд аян замын зовлон зүдгүүрийг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Өдөр бүр 60 илүү миль давхиж, эцэж цуцсан морьд, өлсөж цангасан, даарч хөрсөн тухайгаа өгүүлсэн байдаг. Үүний зэрэгцээ тэрбээр Монголын үеийн Төв Азийн ард түмэн, шашин шүтлэгийн янз бүрийн өнгө холилдсон дүр зургийг тод томруун зурж өгсөн байна. Замдаа тэрбээр мусульман шашинтай хотуудад зочилж, Тянь Шаны нуруун дахь герман уурхайчид, гар урчуудын тухай сонсжээ. Үүний зэрэгцээ тэрбээр монголчуудын аян дайнаас үүдэлтэй эвдрэл сүйтгэлийн гэрч болсон байна. Тэрбээр Балхаш нуурын өмнөд хэсэгт орших Долоон усны сав дахь олон тооны сүйрсэн хотын талаар дурджээ. Алатау уулсын хойд бэлд орших Кайалиг хэмээх хотод түүний ямагт “онго шүтээнтнүүд” гэж нэрлэсэн, Буддын шашныг шүтэн бишрэгчид болон лам нартай анхлан холбоо тогтоожээ. Энэ газар тэрбээр, гол шүтээнийг дандаа хойд талд нь тавьдаг гэх зэргээр Буддын шашны сүмийн бүтцийг дүрсэлсэн байдаг. Сонирхолтой нь энэ хэсэгт тэрбээр Хархорум хотын тухай анх дурдсан нь: “Би буянт Христофорыг зурдагтай адил хэмжээтэй ийм онго үзсэн” гэжээ. Дүрсэлсэн бурхны дүр нь асар том байсан байх. Энэ мэдээ нь Хархорум дахь “Их танхим”-ын малтлагаар үлдэгдлүүд нь олдсон хүнээс том хэмжээтэй Бурхны дүрс баримлуудыг хэлсэн байж магадгүй юм.
Мөнх хааны ордонд
Гурван сар хагасын дараа буюу 12 дугаар сарын 27-нд санваартнууд Мөнх хааны ордонд хүрч ирэв. Тэрбээр энд нэгэн армян гэлэн болон христийн нестори салааны итгэгч нартай уулзжээ. Тэдний зарим нь ордны эргэн тойронд чухал албан тушаал хашиж байснаар барахгүй хааны түшмэл хүртэл байв. Мөнх хааны ордонд бас Унгар, Франц зэрэг Латин Христийн шашинтай Европчууд, Ойрхи Дорнод, Загалмайтны орнуудаас ирсэн аялагчид ч байжээ. Рубрук болон түүний дагалдагсдыг Мөнх хаан бараалхалд хүлээн авч, улмаар ордны шашны амьдралтай танилцуулжээ. Тэд ихэнхдээ армян гэлэн, нестори шашны зарим номлогчдыг дагуулан Мөнх хаан, түүний Христийн шашинт хатад, хүүхдүүдийн гэрт зан үйл хийхээр явдаг байв. Гэвч Монголын христийн шашинтнуудад сэтгэл дундуур байгаагаа Рубрук илэрхийлсэн байдаг. Түүний бодлоор тэд зохих ёсоор усан баталгаа хүртэж,загалмайлагдаагүй, мэргэ төлгө, элдэв увдист итгэдэг байсан. Мөн тэрбээр Мөнх хаан өөрөө ч аль нэг шашныг эрхэмлэдэггүйг хурдан ойлгожээ. Тэрээр бүх шашны нийгэмлэгүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний нэр хүндтэй хүмүүсийг өөрийн ордонд оруулахыг дэмжиж байдаг. Үүний хариуд тэд Монголын хааны төлөө залбиран ерөөл өгөх ёстой байв.
Рубрук Хархорумд
Хэсэг хугацааны дараа Рубрук дагалдан яваа хүмүүсийн хамт Хархорум хотод хүрч ирэв. Тэрбээр хотын талаар тухайн үеийнхээ хамгийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг үлдээжээ. Энэнь хааны ордноос эхэлдэг. Энд нэгэн том ордон, бусад олон барилгын хамт байсан. Тэр барилгууд нь “саравч шиг урт” байсан бөгөөд хааны хангамж, эрдэнэсийг хадгалахад ашигладаг. Цогцолбор бүхэлдээ тоосгон хэрмээр хүрээлэгдсэн байсан. Ордны үүдний хэсэгт мөнгөөр хийсэн мод байсан. Мөнгөн арслан, алтан могойнуудаар чимэглэсэн мөнгөн модноос дөрвөн төрлийн ундаа гардаг. Үүнийг дайнд олзлогдон Хархорум руу аваачсан, Парисын алт мөнгөний дархан Вильгельм Бушье хийжээ.
Ордонг дүрслэхдээ Рубрук өөрийн сайн мэдэх сүмийн жишээг ашигласан байдаг. Энэ нь гурван жангийн хэмжээтэй, өмнө зүг хандсан гурван хаалгатай байсан. Хааны сэнтий түүний эсрэг хойд талд нь, хоёр шатаар гардаг өндөр тавцан дээр байрладаг. Ордны баруун талд эрэгтэйчүүд, зүүн талд эмэгтэйчүүд суух бөгөөд хааны гэр бүл мөн өндөр суудалд сууна. Ийнхүү ордон нь монголчуудын гэртээ баримталдаг орон зайн хуваарилалтыг тусгасан байна: Гэрийн үүдийг ямагт өмнө зүг харуулан барих бөгөөд өрхийн тэргүүн нь хойморт хаалга руу харж суудаг. Эрхэм зочдод зориулсан хүндэтгэлтэй суудал түүний баруун талд байдаг. Гэр бүлийн эрэгтэй гишүүд болон бусад зочид зэрэглэлээсээ хамааран гэрийн баруун талаар сууна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд үүний эсрэг талд, өрхийн тэргүүлэгчийн зүүн талаар сууцгаана. Энэ дэг журам Монголын хөдөө нутагт өнөөдөр ч хадгалагдсаар байгаа.
Рубрукийн хэлснээр, хот өөрөө хэмжээгээр хутагт Денис сүмийн захын дүүрэгтэй зэрэгцэхүйц ч хэмжээнд байгаагүй ажээ. Хот нь хоёр гудамж эсвэл хороололтой (vici) байв. Нэг гудамжинд нь голдуу исламын шашинтнууд амьдардаг. Энд хотын зах зээл байрладаг бөгөөд худалдаачдын анхаарлын цөм болж байсан. Нөгөө гудамжинд хятадууд амьдардаг бөгөөд бүгд гар урчууд байв. Энэ хоёр гудамжнаас гадна ордны захирагчийн газар байрлах томоохон барилгууд, янз бүрийн үндэстний “дүрс тахигчдийн” (энэ нь Рубрукийнхаар Буддын шашны сүм байх магадлалтай) арван хоёр сүм, Исламын шашны хоёр дугана, Христийн нижгээд сүм байжээ. Хот нь шавар хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд дөрвөн хаалгатай. Хаалга бүрд зах байрлах бөгөөд зүүн хаалган дээр үр тариа, баруун хаалган дээр хонь, ямаа, урд хаалган дээр үхэр, тэрэг, хойд хаалган дээр адуу худалдаалдаг байжээ.
Рубрук сүмийн ойролцоох асарт байрладаг байв. Тэрбээр Несторийн санваартнуудын шашны мөргөлийн дэг жаяг илэрхий алдаатай байгаад санаа зовниж байсан ч гэсэн Хархорум дахь Христэд итгэгчдийн шашны амьдралд оролцдог байв.
Түүний түүхийн хүүрнэлийн оргил хэсэг нь Мөнх хааны ордонд болсон Исламын шашинтнууд, Христийн шашинтнууд, Буддын шашинтнууд хоорондын шашны маргаан юм. Хаан эзэн өөрөө ярилцлагыг эхлүүлж, Хархорумд байсан санваартан лам нарыг оролцуулжээ. Энэ аргаар хаан аль шашин нь илүү болохыг олж мэдэхийг хүссэн байна. Эхлээд оролцогчид мэдүүлэг, тайлбараа бичгээр бичиж авчрах ёстой байв. Тэгээд Рубрук болон несторийн Христийн шашинтнууд хамтдаа ертөнцийг бүтээснээс авахуулаад амилалт болон эцсийн шүүлт хүртэлх он цагийг хөндсөн бичиг үйлджээ. Тэд мөн Христэд итгэгчдийн итгэлийг хүлээн зөвшөөрөх тухай бичиж, итгэлийн хэлэлцүүлэгт нийтлэг хандлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Маргаан хэрхэн явагдсан тухай мэдээлдэг цорын ганц эх сурвалж бол Вильхельм Рубрук юм. Дээрээс нь соёл, хэлний бэрхшээл түүнд саад болж байсан. Мэдээжийн хэрэг, тэр өөрөө Христийн шашинтны нэгэн төлөөлөгчийн хувьд, Христэд итгэгчдийн үнэн зөв, давуутай байдлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр бүх маргааны учир шалтгааны давуу талыг үл харгалзан, тэнд байсан хүмүүсийн хэн нь ч Христийн сургаалийг дагая гээгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүний оронд маргаан бүгд дарс ууснаар өндөрлөжээ.
Маргааш нь Мөнх хаан францискан санваартныг сүүлчийн удаа дуудав. Энэ үед Рубрукийн хамт өмнөх өдөр мэтгэлцээнд оролцсон Буддын шашны төлөөлөгч мөн байлцаж таарчээ. Тэгээд хаан өөрийн итгэл үнэмшлээ хоёр санваартанд тайлбарлан хэлсэн байна: Монголчуудын нүдэнд цорын ганц, бүх нийтийн Бурхан байдаг. Гэсэн хэдий ч Бурхан хүмүүст авралд хүрэх өөр өөр замыг өгсөн. Энэхүү ярианы төгсгөлд Мөнх хаан номлогчдыг нутаг руугаа буц гэжээ. Рубрук Францын Людвиг ванд Мөнх хааны захидлыг авч явахыг зөвшөөрөв. Уг захидалд дахиад л Мөнх тэнгэрийн хүчин дор Хааны суу залийн ивээлд захирагдахыг шаардсан байв.
Өрнөд рүү буцсан нь
1254 оны 7 дугаар сард Рубрук буцах замдаа гарав. Тэрбээр Төв Азийг туулах хойд замын нэгнээр явсаар Ижил мөрний хавь нутаг хүрч, Сартах, Бат хаан нарын дэргэд дахин очжээ. Дараа нь Ижил мөрний дагуу урагшаа явж, Кавказ, Анатолийг гаталж, Кипр рүү зүтгэв. Рубрук 1255 оны 6 дугаар сарын 16-нд Никосияд хүрч, түүний тушаалаар шууд Антиох руу явах шаардлагатай болжээ. Тэрээр Триполид болсон шашны бүлгэмийн хуралдаанд оролцсон бөгөөд эцэстээ Акра руу багшлах ажилд тохоон томилогдсон байна.
Тэрээр мөн харих замдаа нарийн ширийн зүйл олныг анхааралтай ажигласан байдаг. Тэр шашин шүтлэгийн нөхцөл байдал, хөнгөн хуяг, зэр зэвсгийн зэрэгцээ монгол цэргүүдийн арвич хямгач байдал, газар зүйн болон түүхэн онцлогийн талаар мэдээлсэн байна.
Бичвэр нь бүхэлдээ тайланг хүлээн авагч Францын IX Людвиг ванд зориулагдсан. Тэрбээр Рубрукт үзсэн харсан бүхнээ бичгээр мэдээлэхийг тушаасан билээ. Буцаж ирснийхээ дараа санваартан вангаас Францад очиж уулзаж болох эсэхийг асуужээ. Энэ хүсэлт нь биелсэн бололтой байдаг. Рубрукийн талаарх сүүлчийн мэдээллийг Францад түүнтэй уулзаж, тайлангийнх нь талаар асуусан Рожер Бэконоос олж болно. Энэ уулзалт 1257 онд болсон байх магадлалтай. Үүний дараа Рубрукийн тухай эх сурвалжуудад гарахгүй байна.
Вильхельм Рубрукийн аяллын тэмдэглэл нь өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй, дундад зууны Монголын тухай чухал эх сурвалжийн нэг юм. Энд зөвхөн Хархорумын тухай дэлгэрэнгүй өгүүлээд зогсохгүй монголчуудын шашин шүтлэг, ёс горим, зан заншлын талаарх олон мэдээллийг багтаасан байна. Хэдийгээр түүний ажигласан юм уу, түүнд орчуулж өгсөн зүйлсийн нэлээд нь буруу, эсвэл эндүү ташаа ойлгогдсон байсан ч гэсэн ерөөс энэхүү ажиглалтаа бичиж үлдээсэн гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм. Монголчууд ба тэдний хөрш ард түмнүүдийн хувьд эдгээр нь өдөр тутмын амьдралын энгийн ойлгомжтой зүйл байсан тул тэмдэглэж авах хэмжээнд үнэлэгдэж байсангүй. Гагцхүү алс холоос аялан ирсэн номлогчийн сониуч зан олон нарийн ширийн зүйлийг хойч үед хадгалан үлдээжээ.