Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас

Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгас нь 8-9 дүгээр зуунд улс төр, соёлын чухал ач холбогдолтой төв байв. Одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт, Орхон голын хөндийд байрлах энэхүү хот нь суурин ба нүүдлийн соёл иргэншлийн чухал зангилаа газар бөгөөд олон үндэстэн хөлхөлдсөн, түм түжигнэж бум бужигнасан тэртээх цаг үеийг илтгэн харуулдаг.

Төрөл бүрийн барилга байгууламжууд

Хотын үндсэн төлөвлөлтийг судалж, олон тооны малтлага гүйцэтгэсний үр дүнд уг хотын бүтэц зохион байгуулалт, барилга байгууламжуудын үүрэг зориулалтын талаар төрөл бүрийн тайлбарыг хийх боломжтой болсон билээ. Өргөн нь зарим хэсгээрээ 80 м бүхий хотын өргөн чөлөө гудамжны зэргэлдээ газраас гар урчуудын хороолол болон Хар балгасын Манихейн сүмийг илрүүлж олсон.
Хар балгасын хамгийн алдартай хэсэг бол сүм хийд эсвэл ордон хот байж магадгүй гэж үздэг, өндөр хана хэрэмтэй цогцолбор бөгөөд түүний хана хэрэм нь тал нутгийн дундаас одоо ч сүр бараатай харагддаг. Сүм хийд, ордон хотын хэрмийн дотор талд алсаас сүндэрлэн харагдах 13 метр орчим өндөр байгууламжийг суварга хэмээн үздэг ба тус хотын хамгийн өндөр байгууламж юм. Сүмийн ба ордон хотын зүүн өмнөд буланд орших цитадель нь хааны суудаг газар байсан бололтой. Энэхүү ордны дотоод хүрээнээс хосгүй олдвор болох 13 м гүнтэй худаг олдсон билээ. Өөр нэгэн чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн бол Хар балгасын Манихейн сүмийн барилгын чуулбарын бүрэлдэхүүнд байсан, гурван хэлээрх бичигтэй Уйгурын хаант улсын үеийн гэрэлт хөшөө юм. Тус хотын захын хэсгүүдэд барилга байгууламжийн нягтаршил багассаар аажмаар тал хөндийд уусах мэт болдог аж. Хэдийгээр бичгийн эх сурвалжид өөрөөр дурдсан боловч Хар балгас нь хэрмээр хүрээлэгдээгүй байсан байна.

Түүхэн хот Хар балгасын 360° панорам зураг

Каталог дахь малтлагын олдворууд