Шонхорын араг ясны олдворын судалгаа

Цитадель дээрх барилгуудын төв дундах задгай талбайн шалны түвшинг нарийвчлан судлахын тулд тэнд зүсэлт хийж үзсэн. Тэгэхэд тоосгоор хучсан хавтан шал хэсэг газар эвдэгдсэн байсан бөгөөд малтлагын эцэст тэнд худаг байсныг олж мэдсэн билээ. Энэхүү эвдэгдсэн шалны хэсгийн дээд талын үе давхаргаас махчин шувууны бараг бүрэн араг яс, вааран савны хэд хэдэн хэлтэрхий, боржин чулуун суурь олдсон юм.

Эдгээр олдворуудын зохион байгуулалт, байршил нь тэднийг зан үйлийн хүрээнд зориуд тавьсан болохыг харуулж байсан бөгөөд энэхүү таамаглал шувууны араг ясыг сайтар судалж үзэхэд ч нотлогдсон юм. ХБНГУ-ын Бонн хотын Кёниг музейн эрдэмтэд Монголд нутагшдаггүй шонхорын зүйл болох цагаан шонхорын араг ясны томоохон хэсгийг олсон болохыг тогтоож өгөв. Шонхорын араг яснаас анхдагч болон хоёрдогч нислэгийн өд байх далавчны хэсэг, сүүл, сарвуутай хөл зэрэг нь дутуу байжээ. Зарим хавирганы ясанд хугараад эдгэж бороолсон шинж тэмдэг илт мэдэгдсэн байна. Иймэрхүү хугарал нь зэрлэг байгальд эдгэрэх боломжгүй юм.
Шонхорын зарим нугалам хавирганы эдгэрсэн хугарал нь цээжинд ноцтой боловч үхэлд хүргэхгүй гэмтэл байсныг харуулах бөгөөд эдгэрэх хүртэл удаан хугацаа шаардагдсан байж таарна. Эдгээр гэмтэл нь өөр махчин шувуу эсвэл хөхтөн амьтадтай мөргөлдсөн эсвэл хүчирхийллийн улмаас үүссэн байж болзошгүй. Гэмтэл нь эдгээгүй байхад шувуу хангалттай хөдөлж чадахгүй, ан хийх боломжгүй болсон нь тодорхой. Үүний зэрэгцээ ясны хугарлын илааршсан байдал нь шархадсан махчин шувууг гэрийн нөхцөлд арчлан эрүүл саруул болгосон болохыг харуулна.

Олдворын шинжилгээний үр дүн

Эдгэрсэн хавирганы хугарал нь Хар балгасын шонхорын үхлийн шалтгаан биш байсан тул эдгэрэлт нь хүний хяналтан дор явагдсан, өөрөөр хэлбэл шувууг хүн тэжээж байсныг харуулж байгаа юм. Нүүдэлчин ард түмнүүд махчин шувуудыг тэжээн сургах, арчлах, ялангуяа шувуулахуйн талаар нарийн цогц мэдлэгтэй байсан билээ. Үүний зэрэгцээ эдгээр шувууд нь нэр хүнд, эд баялгийн бэлгэдэл байсан тул Хар балгасын цагаан шонхор нь умард нутгаас хөрш зэргэлдээх захирагчийн худалдааны бараа, эсвэл бэлэг сэлт болгон Хар балгасанд ирсэн байх магадлалтай бөгөөд агнуурын зориулалтаар ашиглаж байсан гэж бид таамаглаж байна. Радио идэвхт нүүрстөрөгчийн аргаар тодорхойлсон ясны нас нь эртний монгол аймаг Хятаны үетэй холбогдож байгаа бөгөөд Уйгурын эртний нийслэлийн турь, хот мөхсөнөөс хойш 100 орчим жилийн дараа ч гэсэн ач холбогдолтой хэвээр байсныг харуулж байна.

Бусад амьтны яс

Цитаделийн судалгааны явцад шонхорын араг яснаас гадна олон тооны амьтдын яс олдсон нь Уйгурчуудын хооллолт, Уйгурын эзэнт гүрний нутаг дэвсгэрт амьтдыг хэрхэн ашигладагбайсан тухай ойлголтыг өгч байна. Судалгаанаас үзэхэд хонь ямаа бол хамгийн их ашиглаж байсан мал, дараа нь адуу, үхэр орж байсан гэж хэлж болно. Малын ясанд харагдах нядалгааны ул мөрөөс яг хэдэн насанд нь төхөөрч байсныг мөн хэлж болно. Үндсэндээ махнаас татгалзахыг номлодог Манихейн шашныг хүлээн авсан ч Уйгурын язгууртнууд хоол хүнсэндээ тал нутгийн нүүдэлчдийн уламжлалтай нягт холбоотой хэвээр үлдсэн шиг байна.