Их танхим

Өнөө бидний Их танхим гэж нэрлэдэг дурсгалт газар нь эртний Хархорумыг тойрсон хамгийн сонирхолтой олдворууд болон хамгийн эрчимтэй өрнөсөн маргаануудтай нягт холбоотой. Уг газар хотын баруун өмнөд буланд байрлах агаад орчны газраас мэдэгдэхүйц өндөр, том тавцан дээр боссон байдаг.

Өгэдэй хааны ордон хаана байсан бэ?

Өнөө ил музей болгон засаж тохижуулсан энэ тавцан суурингийн өмнө талд хуучны том чулуун яст мэлхий бий. Хэзээ нэгэн цагт энэхүү яст мэлхийний нурууны хуягт гэрэлт хөшөө суурилуулж байсан нь магадгүй 1346 оны бичээс бөгөөд хуучин хотын энд тэнд тархсан хагархай, бутархай хэсгүүдийг нь 19-р зуунаас хойш янз бүрийн судлаачид цуглуулсаар иржээ. Өгэдэй хааны барьж байгуулсан ордон чухам яг хаана байсан бэ гэдэг асуулт удаан хугацааны туршид маргаан дагуулсаар ирсэн. Рубрук бичихдээ:

Logo Orchontal

“Хархорумд хотын хэрмээс тун холгүй Мангу [Мөнх хаан] манай лам хуврагуудын хийд лүгээ адил тоосгон хэрмэн ханаар хүрээлэгдсэн том ордонтой. Тэнд орших нэн том ордонд […]”

Ханс Д.Лайхтын хэвлэн гаргасан, Вильгельм фон Рубрукын орчуулга “Монголын их хаан руу хийсэн аялал: Константинопольоос Хархорум хүртэл 1253-1255 он”, Штутгарт: Эрдманн хэвлэлийн газар,1984, 162

Бичвэрийн энэ хэсэг хотын баруун урд буланд байрлах цогцолбортой яг таарч байх мэт. Энэ цогцолбор нь хотын захад, хотын хэрмийн ойролцоо байрладаг, бас нэгэн тусдаа хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд мөн голдоо том барилгатай. Энэхүү тохирлыг үндэслэн Хархорумд ажиллаж байсан анхны археологич Димтири Демьянович Букинич хотын баруун өмнөд хэсэгт орших уг цогцолборыг Өгөдэйн ордон байж магадгүй хэмээн бүр 1933 онд таамаглаж байжээ. Хэдийгээр Буддын шашны сүм хийдэд илүү таарахуйц, асар их хэмжээний шавар баримлуудыг олсон мөртөө хожим нь Киселев түүний энэхүү таамаглалыг мөн дагасан юм. 20-р зууны туршид мэргэжлийн хүрээнийхэн энэхүү туурийг Өгөдэй хааны ордны үлдэгдэл мөн гэдэгт итгэсээр ирэв. Харин 2000 оноос эхэлсэн Монгол-Германы хамтарсан судалгааны дүнгүүд энэхүү үзэл баримтлалыг шинээр авч үзэхэд хүргэсэн.

“Их танхим” дахь малтлага

Германы Археологийн хүрээлэнгийн Ханс-Георг Хюттелээр ахлуулсан баг 2000 онд Хархорумын баруун өмнөд хэсэгт ордны дүүрэг хэмээн таамаглаж байсан газарт малтлага хийж эхэлжээ. Эхлээд шатаах зуухны хэсгийн талбайг малтсан. Энд нэг ба түүнээс дээш барилга барихад зориулсан барилгын материалыг үйлдвэрлэдэг байв. Үүнээс гадна монгол, герман археологичид 1940-өөд оны оросуудын хийсэн судалгааны тодорхой мэдэгдэж буй малтлагын талбайнуудыг дахин нээж үзсэн байна. Ингэснээр тэд үнэ цэнэтэйгээр хадгалагдан үлдсэн анхны жинхэнэ эх бодисыг хөндөлгүйгээр археологийн хөрсний үе давхаргын бүтэц хийгээд тэнд буй барилгын үлдэгдлийн талаарх анхны ойлголт төсөөллийг олж авсан юм.

Их танхимын панорам зураг

Барилгын хүчирхэг суурь

Ийнхүү дээрх анхны сорилт малтлагуудыг хийсний дараа 2001-2005 онуудад уг байгууламжийн үлдэгдлийг бараг бүтнээр нь малтаж, ил гаргав. Малтлагаар томоохон байгууламжийн хүчирхэг нэгэн суурь болох том тавцан гарч ирсэн. Энэ нь олон үеийг дагтаршуулан дэлдэж хийсэн, тэгш дөрвөлжин хэлбэртэй, тал бүр нь 42.5 метр урт, шавар тавцан байв. Тавцан эргэн тойрон, орчны газраасаа бараг хоёр метр дээш, өндөрт өргөгдсөн байв. Урд талд нь 32.5 метр өргөн, 18 метр урт бүхий өргөтгөл – налуу тавцан хийсэн байв. Дээр нь барьсан барилгын бат бэх, хүчирхэг суурийг бий болгохын тулд шавар дэлдэж хийсэн суурийн зарим давхаргуудыг өнгөн хөрснөөс доош метр гаруй гүнд суулгасан байв. Тавцан суурийн гадна талыг шатаасан тоосгоор өнгөлсөн. Энэ нь суурийн шавар биеийг цаг уурийн таагүй нөхцөлөөс үүдэлтэй өгөршлөөс хамгаалахын зэрэгцээ цагаан шохойгоор шохойдсон тул үзэмж сайтай байжээ. Өнгөлгөөний ханын булангуудыг боржин чулуун хавтангаар бэхэлсэн байв.

Тавцан руу гурван талаас нь тоосгон гишгүүртэй шатаар гардаг байна. Хойд талд шатны оронд зэргэлдээх жижиг барилгын тавцан руу хөтөлсөн хүзүүвч маягийн хоолой байв. Энэхүү том тавцан дээр нэг танхимтай олон давхар барилга байсан бөгөөд дотор тал нь 8х8 модон баганаар чимэглэсэн байв. Танхимын шалны зарим хэсгийг өнгийн паалантай хавтангуудаар шалласан байсан нь танхимыг илт хоёр хэсэгт хуваан харагдуулж байв: энгийн, паалангүй, саарал тоосгон хавтан бүхий гадна талын хүрээ хэсэг, харин дотор хэсгийг ногоон өнгийн паалантай хавтан дэвсэж шалласан байв. Эдгээр нь барилгын төв хэсгийг тойрсон хүрээ үүсгэсэн байсан бөгөөд тэнд хавтан дэвсэлгүй орхисон байв. Тоосгон хавтангуудыг сонирхолтой дүрсийг үүсгэж тавьсан байв. Дотор болон гаднах хэсгийн аль аль нь тавцангийн гадна талын ирмэгүүдтэй параллель байв. Мөн энэхүү тойруулсан дүрс нь барилгын булангуудаас төв рүү чиглэсэн диагональ, ташуулдсан замаар таслагдсан байснаас гадна эдгээр дөрвөн зам болгоны аманд Бадам сэнтий хэмээх суурь байв. Бадамлянхуа цэцгийн дэлбээг үлгэрчилсэн эдгээр дугуй сууриуд дээр хүний биеэс хавьгүй том хэмжээ бүхий Бурхадын дүрсийг байрлуулдаг байж. Тавцан суурийн төв хэсэгт байрлах хавтан шалаар хучаагүй шороон талбайг тоосгон ханааар хүрээлж байсны үлдэгдэл олдсон. Эндээс шавраар хийсэн, буддын шашны суварганы дүрс бүхий цац хэмээх зүйл олон мянгаараа гарч ирсэн.

Их танхим болон туслах барилгын суурийн дэвсгэр зураг

Барилгын шүншиг, өргөлийн зүйлс

Тус барилгын нийт талбайн яг төв хэсэгт, ташуулдсан диагональ замуудын огтолцсон уулзвараас археологичид дотроо үр тарианы үлдэгдэл агуулсан нэгэн том саарал шавар ваар олсон. Энэ сав нь уг барилгыг барихад өргөсөн тахилын нэгэн зүйл, аз хийморь ерөөж, оршоосон шүншиг бололтой. Уг шүншиг хийгээд хананы үлдэгдэл нь энд байсан Буддын шашны сүмийн гол шүтээн – нэгэн томоохон суварганаас үлдсэн зүйл байх магадлалтай. Мөн тавцангийн гадна талын булангууд болох зүүн болон баруун шатны доороос хадгалж үлдээсэн шүншигтэй ваар савнууд олдсон. Тэдгээрийн дотроос аму будаа их хэмжээгээр гарснаас гадна нэг бүрийг даавуунд ороож, боосон өргөлийн зүйлсийн цуглуулга гарсан. Эдгээр нь алт, мөнгө, шүр,сувд, оюу, номин, хясаа, мод, зэс, гангаар хийсэн зоос, эд зүйлсийг агуулсан байв. Эдгээр нь хамтдаа “Есөн эрдэнэ” хэмээх нэг бүлэг зүйлийг бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг цугт нь жижиг уутанд хийж оёод, сахиус болгон зүүдэг энэхүү уламжлал нь өнөөг хүртэл Монгол оронд оюун санааны гүн гүнзгий агуулгатай хэвээр байна.

Тал бүр нь метр гаруй урт, дөрвөлжин хэлбэртэй том том боржин чулууг тавцангийн гадаргуу дээр суурилуулсан байв. Эдгээр нь олон давхар асартай, танхимын барилгын хүчирхэг модон багануудын тулгуур суурь нь болж байв. Модон баганы бүтцээс зарим газарт хадгалагдан үлджээ. Баганы диаметр нь 80 сантиметр байсан бөгөөд хажуугаар нь 20 сантиметр өндөр бүхий дөрвөн модон тулгуурыг тойруулан байрлуулж, нэгэн багц болгодог байж.

Тус барилгын гол танхим ижил зайтай байрлуулсан 64 баганаар бэхлэгдсэн байжээ. Барилгын модноос бараг юу ч үлдээгүй. Зөвхөн цөөн хэдэн шатаад нүүрс болсон модны үлдэгдэл багануудын байрлалыг зааж байв. Барилга галд шатжээ. Үүнийг шатаад нүүрс болсон модны үлдэгдлээс гадна археологичдын зайлуулж малтах ёстой болсон нурангины асар зузаан давхарга гэрчилж байв. Нуранги дотроос ихэвчлэн хүчтэй галд шатсаны улмаас хэлбэр дүрсээ алдсан, түлэгдэж цэврүүтсэн, гадаргуу нь хайлж урссан тоосго, дээврийн ваар асар олноор гарсан. Үүний зэрэгцээ мөн малтлагаас шавар баримал, ханын болон дээврийн чимэглэлийн хэсгүүд маш олноор гарчээ. Эдгээр бүх олдворууд: Уг барилга нь хүн оршин сууж байсан Ордон бус, харин Буддын шашны томоохон сүм, магадгүй Хархорумаас олдсон 1346 оны бичээст мөнхөрүүлсэн “Юань улсыг мандуулах асар” байж магадгүй гэдгийг тодорхой харуулж өгөв.

“Юань улсыг мандуулах асар” дахин амилсан нь

Малтлагаар гарч ирсэн, уг барилгаас олдсон бүх үлдэгдэл – суурийн тавцан, баганы сууриуд, хавтан дэвссэн, хучилттай шал, тэдгээрийн доорх нурангины үе давхарга хийгээд дээрээс нь олдсон бүхий л олдвор хэрэглэгдэхүүнд түшиглэн уг барилгын дүр төрхийг ойролцоогоор сэргээн, төсөөлж үзэх боломж бий болсон. Ижил зайтай зохион байгуулалт бүхий баганын сууриуд, ваарласан дээвэр, өвөрмөц барилгын чимэглэл бүхий тавцан суурь нь энд Хятадын сүм хийдийн уран барилгын загвар хийцээр баригдсан барилга байсныг харуулж байна. Чингэхдээ хятадын уламжлалт модон байгууламжын аргыг ашигласан бөгөөд энэ нь том хэмжээний сүм хийд, ордон барихад тохиромжтой байжээ. Зарим олдвор, хийцүүд уг байгууламж өнгө будагтай байсныг нотолж байна. Улаан өнгийн дэвсгэр дээр ногоон, цагаан, шар будгаар хээ тавьсан байв. Барилгын дээврийг паалантай ваараар дүүргэн чимэглэсэн байв. Аз болоход Хархорумаас олдсон 1346 оны хоёр хэл дээрх бичээст бас Хархорумын их сүмийн барилгын засал чимэглэлийн талаар нарийвчилсан мэдээлэл уламжлагдан иржээ. Илүү сайн хадгалагдаж үлдсэн хятад хэл дээрх бичвэрт:

Logo Orchontal

“[…] Хуанлийн мөчлөгийн бинчэнь (1256) онд тэрээр [Мөнх хаан] нэгэн том суварга босгож, түүнийг сүрлэг өндөр асраар хүрээлэв. […] Асар нь таван давхар байсан. Энэ нь 300 чи [ойролцоогоор 90 метр] өндөр байв. Доод давхрын хувьд тал бүр нь долоон жангийн хэмжээтэй нэгэн өрөөг хийсэн. Тэнд Бурхан багшийн дүр баримлуудыг залсан нь судар номонд заасан ёсонд бүрэн нийцжээ.”

Францис Кливзийн, Cleaves, Francis, “1346 оны Хятад-Монгол бүхий бичээс: Владислав Котвичийн дурсгалд”. Харвардын Ази судлалын сэтгүүл 15 (1952): 1 –123, 29

Хөшөөний бичээст гарч байгаа, Мөнх хааны (1251-1260) төр барьж байсан цаг үед сүмийг байгуулсан хэмээх он цагийн мэдээ нь энэ байгууламжаас малтлагаар гарч ирсэн олдвор материалаар бас нотлогддог. Барилгын өнцөг булангуудын дор шүншиглэн оршоосон ваар саван дотроос гарсан хамгийн хожуу үеийн зооснууд нь түүний мал сүргээ тамгалдаг хувийн тамганаас үүдэлтэй тамганы нэг төрөл байв. Зоосуудыг 1254 оны орчим дэлдсэн байна. Зоос бүхий вааран савнуудыг тавцангийн суурийн хэсэгт булсан байсан тул сүмийг өмнө нь барих боломжгүй юм. 1311 онд Буянт хаан сүмийг сэргээн засварлахад их мөнгө зарцуулсан тухай бичээст тэмдэглэсэн байдаг. 1342 онд Тогоон Төмөр хааны үед дахин нэлээд сайн шинэчлэн засварлажээ.

Logo Orchontal

“[…] Суваргыг тойруулан алтаар буджээ. Түүнийг харахад гэрэл гэгээ нь нүд гялбам гэрэл гэгээ цацруулж байв. Асарын хувьд түүний будаж шунхадсан байдал нь гадна мөн дотор, дээр, доор,булан тохой бүртээ өөгүй тэгш, цэвэр цэмцгэр, төгс төгөлдөр болжээ. Асарын хаалгыг хоёр хавтсаар гурав давхарлаж, мөн үргэлжилсэн ханан хэрмээр дахин хүрээлжээ. Үнэхээрийн хосгүй гоёмсог шинэ бүтээл босчээ.”

Францис Кливзийн, Cleaves, Francis, “1346 оны Хятад-Монгол бүхий бичээс: Владислав Котвичийн дурсгалд”. Харвардын Ази судлалын сэтгүүл 15 (1952): 1 –123, 30

Төвийн том барилгыг хүрээлүүлэн, баруун, зүүн талаар нь тус бүр хоёр жижиг барилга, хойд талд нь бас нэгэн жижиг барилга, урд талд нь асарт хаалга байрлуулжээ. Тус чуулбар нь бүхэлдээ гаднаас тусгаарлагдсан, тусгай хэрмэн ханаар хүрээлэгдсэн байв. Баруун талын туслах барилгуудын нэгийг мөн археологийн үүднээс судалж, шинжилгээ хийж үзсэн. Тэгэхэд голын хайрга чулуу ашиглаж хийсэн зузаан суурийн давхаргууд илэрсэн нь дээрээ дагтаршуулсан шавар, модон хийц хавсарсан барилга байгууламжтай байсан байх магадлалтай. Дээврийн ваарны олдворууд нь эдгээр барилгууд нь мөн Хятадын уран барилгын уламжлалаар баригдсан болохыг тодорхой харуулж өгсөн.

Олдворын каталог дахь Их танхимаас олдсон олдворууд